Ц.Мөнхнасан:Нэг нь хариуцлага алдвал нийтээрээ үүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-20 16:04:02

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан энэ сарын 18-ны өдөр хэлтэс агентлагийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Энэ жилийн үр дүнгийн гэрээнд нийтлэг тавьж байгаа асуудал нь сахилга баттай, хариуцлагатай байх, захиран зарцуулж байгаа төсвөө хэмнэх, хэмнэлтийг удирдлагууд өөрсдөөсөө эхлүүлэх, жилийн эцэст өр авлагагүй гарах гээд олон зүйлийг заасан. Мөн  салбар салбарын хэмжээнд онцлог хийгдэх ажлууд байгааг хэлж, хийгдэх ажил, хөтөлбөрийн чиглэлээр иргэддээ мэдээлэл сайн өгөхийг анхаарууллаа.

Аймгийн Засаг дарга хэлэхдээ: аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үндсэн чиглэл гарсан. Ирэх 4 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон ажлууд хийгдэнэ. Тухайлбал, сайн багшаас сайн шавь гардаг учраас “Багш хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан. Мөн ХАА, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү ажлууд хийгдэнэ. 2017 онд “Архангайд үйлдвэрлэв” нэртэй 5 давхар байхаар тооцсон худалдааны төвийг төв дунд барина. Энэ нь түрээс нь хямд байна. Ингээд ирэхээр орон нутгийн иргэд орлоготой болж эхэлнэ. Мөн Авто вагзолыг БТСГ-ын урд барихаар төлөвлөсөн. Дулааны станц, цэвэрлэх байгууламж хоёрыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгана. Үйлдвэржилтийг бүсийг тогтоож арьс шир, цагаан идээ, мах сүүний гээд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх ажлууд хийгдэнэ. Энэ мэтчилэн олон ажлууд хийгдэх учраас бүгд уялдаа холбоотой, хариуцлагатай, сахилга баттай байхыг шаардаж байна. Хэн нэг хариуцлага алдахад нийтээрээ хариуцлагаа үүрнэ” гэдгийг хатуу анхааруулж хэллээ.  

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ