П.Маккартни “Сони”-г шүүхэд өгөв

Дэлхийд | Соёл урлаг
adiyakhuu@montsame.mn
2017-01-19 11:56:35

НЬЮ-ЙОРК./TASS/. Их Британийн алдарт хөгжимчин, The Beatles хамтлагийн гишүүн Пол Маккартни “Сони” компанийн хөгжмийн салбарыг Америкийн шүүхэд өгчээ. Тэрбээр Жон Леннонтой хамтран бичсэн зарим хөгжмийн бүтээлийнхээ зохиогчийн эрхийг өөрийн нэр дээр буцаан авахаар шийдсэн аж.

 1962-1972 онуудад тэдний хамтран зохиосон "Across the Universe", "I Want to Hold Your Hand" зэрэг дуунууд нь хит болсон бөгөөд хожим нь 1985 онд тэдгээрийн зохиогчийн эрхийг Майкл Жексон худалдан авчээ.  Жексоныг нас барсны дараа түүний өв залгамжлагчид уг эрхийг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Sony/ATV Music Publishing компанид худалдсан байна.

Маккартни нэхэмжлэлээ Нью-Йорк хотын Холбооны шүүхэд гаргаж, түүндээ АНУ-ын хууль тогтоомжийн дагуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг буцаан авна гэдгээ дурджээ. Америкийн хуулиар бол, зохиогчийн эрхийг хамгийн сүүлд худалдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа уг эрхийг шүүхэд нэхэмжлэл гарган буцаан авч болдог аж.

Маккартнигийн ярьснаар, Sony/ATV компани Их Британид болж буй шүүх ажиллагаа хэрхэн дуусахыг харзнаж, өөртэй нь хийж буй хэлэлцээгээ сунжруулан цаг хожихыг оролдож байгаа гэнэ. Тодруулбал, “Duran Duran” хамтлаг яг ийм асуудлаар Британийн шүүхэд хандаад байгаа аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус хамтлаг шүүх дээр ялагдал хүлээснээр түүний хөгжмийн зарим бүтээлийн зохиогчийн эрх Америкийн "Gloucester Place Music" компанид шилжсэн юм.

Маккартни шүүхэд нэхэмжлэл гаргасанд “Sony” компанийн төлөөлөгч харамсч байгаагаа илэрхийлээд “түүний зүгээс ийм алхам хийсэн нь тун зохимжгүй хэрэг юм” гэжээ.

Б.Адъяахүү



 

 

Холбоотой мэдээ