Төрийн ордны барилгыг шинэчлэхэд 42.4 тэрбум төгрөг шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-18 17:30:39

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцож, Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Төрийн ордны барилгыг 1947 оноос барьж эхэлсэн бөгөөд 1951 онд ашиглалтад оруулсан байна. Мөн 1961, 1981 онд өргөтгөл хийжээ. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулсан байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай байсан бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай барьсан. 2010 оны дөрөвдүгээр сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам (хуучин нэрээр)-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн  хурлаар нарийвчлан хэлэлцээд газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн үзэж, буулгах зөвлөмж гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа зэрэг барилгын чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг дөрвөн сарын турш Төрийн ордны барилгад нарийвчилсан үзлэг хийж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулжээ. Уг саналыг доктор Я.Дүйнхэржав танилцуулав.

Ажлын хэсгээс 1951, 1961 онд баригдсан блокууд шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай хэмээн дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад шинэчлэл хийх боломжтой хэмээн үзсэн байна. Энэ хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг шинэчлэх, шинээр 9 шат төлөвлөх, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээг 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлэхээр саналд тусгажээ. Шинэлчэхдээ барилгын загварыг хадгалан, дотоод зохион байгуулалтыг орчин үеийн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой аж. БХБЯ-наас Төрийн ордны барилгыг шинэчлэхэд 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гаргажээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед уг хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эрсдэл үүссэн тохиолдолд Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эхний ээлжинд хийх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, УИХ-ыг Засгийн газрын 11 дүгээр байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг ЗТХЯ-ны  байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбар боловсруулжээ. Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37 мянга 212 ам метр ашигтай талбайтай.

Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолоор Төрийн ордны барилгыг шинэчлэн барих арга зам, хөрөнгийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах асуудалтай холбогдуулан төрийн дээд байгууллагуудыг нийслэлийн дагуул хот, суурьшлын шинэ бүсэд шилжүүлэн байршуулах боломжийг судалж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг Засгийн газар үүрэг болгох аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ