Алдар цолтой ахмадад төрөөс нэмэгдэл олгох тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-17 18:52:36

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон  гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар  улс  эх орноо хөгжүүлэх,  бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог. Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар   зохицуулж байсан ижил төрлийн  тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох  тухай  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг баталснаар ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын болон  найруулгын зөрүүтэй саналуудар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ