Пакистаны Ерөнхий сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-16 15:30:09

ИСЛАМАБАД. /VOA/. Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф энэ сарын 20-ноос АНУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай хоёр талын харилцааг хэлэлцэнэ.

Шариф Обаматай уулзаж Пакистаны терроризмтой тэмцэх ажиллагаа болон бүс нутагт энх тайван байдал тогтоох хүчин чармайлтыг хэлэлцэнэ гэж Пакистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кази Халилуллах мэдэгдэв.

Эдийн засаг, худалдаа, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, терроризмтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт салбарын асуудлыг талууд хэлэлцэнэ гэж Халилуллах мэдэгджээ.

Афганистанд энх тайван байдал тогтоох Пакистаны хүчин чармайлт болон дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй зэвсэг гэж үзэж байгаа Пакистаны цөмийн хөтөлбөр зэрэг нь Цагаан ордонд болох хэлэлцээний гол асуудал болох төлөвтэй байна.

Зөрчилдөөн, мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн улсад энх тайван байдал тогтоох Афганистан тэргүүтэй эвслийн ажиллагааг дэмжихээ АНУ дахин мэдэгдсэн бөгөөд Афганистанд одоо байгаа америк цэргүүдийн тоог хэвээр үлдээнэ гэж Обама мэдэгдсэний дараа уг айлчлал болно.

“Талибан” болон бусад террористуудын хоргодох газруудыг үгүй хийх ёстой гэж Обама Пакистаны нэрийг дурдалгүй мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ