Сайн дурын даатгуулагчид гэрээгээ шинэчлэх шаардлагатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-13 15:58:34

Сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ онд гэрээгээ шинэчлэн хийх болсныг Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас мэдээллээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  240.000 болж өссөнтэй холбоотой хийгдэж байгаа гэрээний өөрчлөлт юм байна.

Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28800 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.

Дашрамд дуулгахад сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон байна.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ