Хууль тогтоомжийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-05 18:10:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөж буй.  Гэвч Засгийн газраас холбогдох өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн үзэж, өөрчлөлт тусгахаар хуулийн төсөл өргөн барьсныг өнөөдөр хэлэлцэж байгаа нь энэ юм.

Тухайлбал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх хугацаа 1 жил байсныг 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгасан байв. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд байр сууриа илэрхийлж, зарим асуудлыг хууль санаачлагчаас тодруулсан. Зарим гишүүд хууль нь дөнгөж мөрдөгдөж эхэлж байхад дахин өөрчлөлт оруулах нь буруу гэсэн шүүмжлэл хэлж байлаа.

Ингээд хуулийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.  Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болов.

Б.Туул

Холбоотой мэдээ