Долоо хоногийн хугацаанд 62 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-05 13:07:22

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн сарын 27-оос энэ сарын хоёр нь хүртэлх долоо хоногийн хугацаанд Увс аймгийн Цагдаагийн газарт 62 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй зөрчил 14, захиргааны шинжтэй зөрчил 45, бусад гомдол мэдээлэл гурав бүртгэгджээ. Тухайлбал, хүний амь нас хохирсон хоёр, бусдын бие махбодид гэмтэл учруулсан тав, иргэдийн өмчийн хулгай хоёр, малын хулгай нэг, худалдаа үйлчилгээний журам зөрчсөн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тэрчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тав, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр, ахуйн хүрээнд танхайрсан хоёр, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 25 бүртгэгдсэн аж.

“Ард иргэд баяр ёслол тэмдэглэхдээ согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхгүй байна. Иймээс аливаа баяр ёслолын үеэр согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй” хэмээн аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.

Тус цагдаагийн газрын хамт олон баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.

Б.Батхүү             

Холбоотой мэдээ