Өргөдөл, хүсэлтийн 90 хувь нь ажилд орохыг хүссэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-04 00:10:50

Баян-Өлгий аймгийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Тус аймаг 101 мянган хүнтэй, хүн ам хамгийн олонтой аймгуудын нэг.  49 мянга гаруй нь хөдөлмөрийн насны хүмүүс, тэдний 19 мянга нь тодорхой ажилгүй байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, Сүүлийн гурав гаруй сарын дотор бид 3000 орчим өргөдөл хүлээн авсны 90 орчим хувь нь ажилд оруулахыг хүссэн иргэдийн өргөдөл юм. Ажил идэвхтэй хайж яваа залуучууд маш олон. Тэдний дийлэнх нь багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, эрх зүйч, эдийн засагчид юм. Иймд жижиг дунд үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх, мал аж ахуйн түүхий эд боловсруулах, уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилт тавиад байна . Мөн мал аж ахуй, газар тариалангаа ч дэмжинэ гэлээ.

Ашиглах, хайгуул хийх зорилгоор тус аймгийн нутгаас 90 гаруй лиценз олгогдсон байдаг. Үүнээс ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо арав хүрээгүйн дээр үйл ажиллагаа явуулж буй ганцхан компани бий. Дэд бүтцийн хөгжил доорой, төвөөс алслагдсан болохоор зөвшөөрөл авсан нь үйл ажиллагаа явуулахаас бэрхшээдэг гэнэ. 

Түүнчлэн Асгат, Дулаан хар зэрэг ашигт малтмалын ордуудыг, ялангуяа 40 гаруй жил хүчтэйхэн яригдсан Асгатын мөнгөний орд зэргийг эргэлтэнд оруулвал орон нутгийг төдийгүй Монгол Улсыг хөгжүүлэхэд дорвитойхон хувь нэмэр оруулна хэмээн ярилаа.     

Ш.Айзаря

Холбоотой мэдээ