Д.Трамп: Умард Солонгос тив алгасах баллистик пуужин бүтээж чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-03 13:17:52

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн нутаг дэвсгэрт хүрч, цохилт өгч чадахуйц пуужингууд үйлдвэрлэж, удахгүй тэдгээрийг хөөргөн туршина гэж Умард Солонгос мэдэгдсэнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “худал яриа” гэж үгүйсгэлээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэж хэлсний хариуд Д.Трамп твиттер хуудсандаа “Умард Солонгос АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах тив алгасах баллистик пуужин туршина гэв үү? Ийм юм хэзээ ч болохгүй” гэж тохуурхан бичжээ.

Өнгөрсөн онд Умард Солонгос хоёр удаа цөмийн туршилт хийсэн юм. Хоёр туршилтын нэгийг нь тус улсын урьд өмнө нь хийсэн цөмийн туршилтуудаас хамгийн хүчтэй нь байсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Умард Солонгосын цөмийн хөтөлбөрт томоохон ахиц гарсан байж магадгүй” гэж ажиглагчид таамаглаж байгаа билээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ