Залуу малчдыг малжуулах хөтөлбөр үр ашгаа өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-03 11:40:42

Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс өнгөрсөн жилүүдэд мал аж ахуй салбарт ажиллаж байгаа залуу малчдыг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Залуу малчдыг малжуулах” төсөл хөтөлбөрийг аймгийнхаа сум тус бүрт хэрэгжүүлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд залуу малчдад сургалт явуулж,арга туршлагыг нь солилцуулах, мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, мал аж ахуйн түүхий эд бүтээгдхүүн сүү цагаан идээг боловсруулж зах зээлд нийлүүлэх зэрэг олон асуудлаар сургалт зөвлөгөөг малчдад өгсөн юм.

Залуу малчдыг малжуулах хөтөлбөр хэрэгжсэнээр малчид зах зээлд сүү цагаан идээ нийлүүлэх, мал мах борлуулах, амьжиргаагаа дээшлүүлэх арга ухаанд суралцаж, хөдөөд цөөн хэдэн ахмадууд малаа маллаж,нутгаа сахиж үлддэг байдлыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлж байгаа билээ. 

Тухайлбал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум гэхэд л хөтөлбөрийн  хүрээнд сумын амьжиргаа дэмжих зөвлөл, аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ажлын хэсгийн хамтарсан хурлаар сумын залуу малчдыг төслийн  шаардлагын дагуу сонгон шалгаруулсан байна.

Баянгол багийн О.Балсанжамц, Ш.Батдорж, Намарзан багийн Ц.Амарсанаа, Хонгио багийн Э.Жаргалсайхан, Шураг багийн Ц.Гантулга нарын  залуу малчдад нийт эм ямаа 280, ишиг 280, эм хонь 20, хурга 20, эм төлөг 80 бүгд 680 толгой баг малыг  орон нутгийн доод ханшаар худалдаж авч өгсөн байна.

Эдгээр малчин худалдаж авсан малаа өсгөж, сүү сааль, ашиг шимийг нь хүртэж, мал маллахын ашиг тусыг мэдэрч, өөрийн гэсэн өрхийн орлoготой болжээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ