Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 16:23:12

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэхүү тогтоолд Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх, Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байсан юм. 

Тогтоолын төсөл батлагдсанаар Хөгжлийн банк нь хөрөнгө оруулагч, зээлдэг нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болж байгаагийн зэрэгцээ олон улсын зах зээлээс хөрөнгө босгох нөхцөл бүрдэх юм. 
Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Үүгээр Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх эрх үүсч байгаа юм. Дараа нь Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж хэрэгжүүлэх журмыг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Эдгээр асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө. 

Б.Туул

Холбоотой мэдээ