Аавын минь захиас амьдралын минь хөтөч болж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-27 22:53:19

Голын өндөр” ХХК-ийн захирал Ч.Пүрэвсүрэн:

/хөрөг тэмдэглэл/

Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа нэгэн шугам болгож яваа энэ залууг Чимидийн Пүрэвсүрэн гэх. Өврийн сайхан хангай нутагт төрж өссөн тэрээр хүй дарж цөглөсөн нутгийнхаа уулсын нэрээр “Голын Өндөр” хэмээн компаниа нэрлэж, өгөөж баян Сэлэнгэ сайхан нутагтаа суурьшин ажил амьдралын түүхээ эхэлснээс хойш эдүгээ 26 жил өнгөрчээ.

Ч.Пүрэвсүрэн захиралтай “Голын өндөр” компанийн ажил үйлс өнөөдөр “өндрөөс өндөр” явж байна. Унасан нутгийнх нь нөмөр нөөлөг болсон их хайрхан нь төрсөн хүүгээ алсаас харан дүнхийж, ажил амьдралынх нь замыг тэгшилж буй учраас. Мөн хамгаас эрхэм аавынхаа захиасыг амьдралын зарчимаа болгосон болохоор тэрбизээ. Пүрэвсүрэн өөрөө зөв бодолтой, зөв санаатай, зөв сэтгэлтэй байж, хөгшид, хүүхдүүдийг баярлуулж яваа болохоор үйлс нь “өндөр” байхаас ч яахав.

“Голын өндөр” компани 1998 онд байгуулагджээ. Одоогоор 20 гаруй ажилчинтай, 886 га эргэлтийн талбайтай. Буйдхан агаад авсаархан бүтэцтэй жижигхэн компани аж. Жилдээ 500 гаруй га-д тариалалт хийж, га-гаас компанийнхаа дунджаар 24 цн ургац хураан авдаг байна. Энэ жил мөн л энэхүү амжилтаа давтжээ. Энэ компанийнхан дан улаанбуудай тариалдаг бөгөөд гурван жил тутамд үрийн будаагаа сольдог уламжлалтай гэнэ. Хамгийн сайн ургац өгдөг, сайн чанарын бурятский, алтайский сортыг голлон тариалдаг байна. Хушаат нутгийн ард түмэндээ “Өндөр Пүүжээ” хэмээн нэрлэгдсэн Пүрэвсүрэн захирал өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрээр газар тариалангийн компанид нягтлан бодогч хийж байсан нь түүнийг энэ салбар луу сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөх их аянд дууджээ. Өнөөдөр тэрээр мэргэжлийн хүнээс дутахгүй сайн агрономич, чадвартай инженер, чадварлаг техникч, сайн удирдагч болсон байна. Энэ бүхнийг тэрээр ажил амьдралын өнгөрсөн он жилүүдэд өөрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төрөлхийн овжин, хөдөлмөрч чанарынхаа үрээр олж авчээ.

Нүүдлийн шувууд шиг хавартаа ирж үзэгдээд намартаа буцаад явахыг тэр хүсээгүй ээ. Хушаат нутгийнхаа хөрсөнд ургуулсан амуу будаагаараа ард түмнээ тэжээж, арвин ургац хураах их ажлын гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор энэ л нутагтаа суурьшин амьдарч буй гэнэ. Өгөөж баян нутаг усаа аргадан тойлж, тэнгэр эцэгтээ залбирч, газар ижийдээ сүсэглэн мөргөж өгөөжийг нь хүртдэг болохоор Пүрэвдорж нийгмийн хариуцлагаа ч мартаагүй ээ. Харин ч үлгэр жишээ биелүүлж яваа нэгэн. Жилдээ ганц тохиох “Ургацын баяр”-аараа компанийнхаа болоод сумынхаа ахмадуудыг баярлуулсаар 4 жил болж байгаа аж. Тэрээр:“Манай тариалангийн талбай бартаа ихтэй, цасанд их дарагддаг. Намар 9 сарын 15-д гээд цас орчихдог. Мөн хавар орой дулаардаг. Эрт хураах боломж байдаггүй. Иймээс бид ОХУ-ын техникийг хэрэглэдэг. Оросын техникүүдийн урд чак нь уян байдаг болохоор хаягдал багатай ургацаа хураадаг” хэмээн ярьсан юм. Эднийд туршлагатай ахмад тариаланчид олон бий. Эдгээр ахмадууд нь автын болоод хөдөө аж ахуйн трактор комбайны талаар мэргэшсэн, ёстой л нөгөө үнэгүй гарын авлагууд аж. Тэд өөрсдийн сурсан, мэдсэн бүхнээ залуустаа харамгүй зааж, сургаж, дадлагажуулан явдаг байна. “Голын өндөр” компаний залуус ахмадуудаасаа өвлөн авсан арвин туршлага, амьдралаас олж авсан ажлын арга барил дээрээ түшиглэн ажлаа гүйцэтгэдэг байна. Гурилын жижиг үйлдвэрийн эзнээс газар тариалангийн том компаний захирал болтлоо өсөн дэвжсэн түүний энгэрт ажил, амьдралынх нь 18 жилийн хөдөлмөрийг нь үнэлсэн “Алтан гадас” одон, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг гэрчлэн гялалзана. 

Өнөөдөр тариаланч бүгдийн өмнө тулгамдсан нэгэн асуудал бий. Тэр бол малчид, тариаланчид хоёрын хоорондын зөрчил. Пүүжээ захирал “мал, тариа хоёрыг төрөөс зохицуулж өгөхгүй бол бидний ажил үнэхээр хэцүү байна. Бид сайхан уринш хийчихдэг. Үүнийг маань мал талхлаад ямар ч үржил шимгүй болгочихдог. Иймээс чийг хуримтлагдахгүй атаршаад ургац муу ургадаг.  Газар тариаланд мөнгө төгрөг өгч дэмжихдээ гол нь биш. Зөв бодлогоор л биднийг дэмжиж өгөөсэй. Тэгвэл цаана нь ажиллах хүчин, техник тоног төхөөрөмж бүгд бэлэн байгаа шүү” хэмээн ярьж байна.

Тиймээ. Сэлэнгэ аймгийн маань бодлого ч энэ л асуудал руу чиглэгдэж яваа. Пүүжээ захирлын цаашдын эрхэм зорилго бол нэгж га талбайгаас авч буй ургацаа нэмэгдүүлэхийн төлөө сэтгэлээ чилээж яваа нэгэн. Эднийх уриншийн боловсруулалтаа гурван удаа явуулдаг бөгөөд химийн болон механик уриншийг хослуулан хийдэг байна. Ажилчид нь ажилдаа гаршсан, мэдлэг туршлага хуримтлуулсан чадварлаг хүмүүс байдаг учраас талбайнхаа аль хэсэгт хэрхэн яаж тарих, хэзээ хурааж авахаа сайн мэддэг болжээ. Хушаат сумын “Ар тойлбо” гэдэг үржил шимт хөрстэй, өгөөж баян газарт эдний тариалангийн талбай бий. Хангай дэлхий энэ хамт олонд хур усаа харамгүй хайрладаг байна. Иймээс ч эдний компани услалтын системгүй ч ургац алдаж байсан жил үгүй ажээ. Тухайлбал ноднин жилийн гантай нөхцөлд га-гаас 14.5 цн, зарим польноосоо бүр 54 цн ургац хураасан байна. Үүнийгээ тэрээр энэ амжилт бол манай компанийн ажилчид уриншаа сайн хийснийх шүү хэмээн бахархан хэлсэн юм. Тус хамт олон 2004 онд “Сумын аварга тариаланч хамт олон” болжээ. “Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Компанийнхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. Манайд ихэвчлэн гэр бүлийн хүмүүс ажилладаг. Хэдийгээр манай компани өндөр ургац авч байгаа ч газар багатай болохоор санаснаар бүгдийг хийж чадахгүй байна. Гэсэн ч бид боломжоороо бага багаар хүмүүсийнхээ амьдралд нөлөөлж байгаа” гэж Пүрэвсүрэн захирал ярилаа. Тэрээр хүүгээ агрономич мэргэжлээр сургаж байгаа гэсэн. Мэдээж аавын үргэлжлэл болсон хүүдээ компаниа өвлүүлэх нь амьдралын хууль. Эднийх компанийнхаа хүнсний хэрэгцээг хангадаг мал аж ахуйтай. 4 хошуу малтай, нэг малчинтай аж. Энэ жилийн тухайд хураасан будаагаа ТЭДС, Улаанбаатар гурилд өгчээ. Эдний нэг онцлог нь бага талбайтай учраас 100 хувь уриншид тарьж чаддаггүй, 400-гаад га-д уринш хийгээд, үлдсэн га-даа гуурсанд тарьдаг байна. Мөн тус компанийн будааны цавуулаг 25-аас дээш байдаг учраас чанар сайн байдаг аж. 

Тиймээ. Ханагар сайхан аавынхаа уужуу ухаанаар амьдралаа хөтөлж, өөдрөг амьдралын үүд өглөг буяны дэнстэй яваа болохоор,

Алтран шаргалтах тариан түрүү шигээ амьдрал нь арвижин, голын өндөр уулс шигээ түмэндээ түшиг болж,

Бага гэж чамлахгүй, хийж бүтээхийн оргилуун сэтгэлээр олсоноо түмэн олонтойгоо хуваан хүртэж яваа цагт хүү тань алзахгүй ээ.

“Голын Өндөр” ХХК-ийн ажил үйлс өөдрөг байна. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ