Зорилтот бүлгийн өрхөд иж бүрэн тавилгатай шинэ гэр өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ"Дөл" хүүхэд харах үйлчилгээний төвийн эрхлэгч А.Туулсүрэнгийн санаачилсан сайн үйлсийн хүрээнд зорилтот бүлгийн нэг өрхийг иж бүрэн тавилгатай шинэ гэртэй болгожээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ, ЗДТГазар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтран энэхүү сайн үйлсийн аяныг дэмжсэн байна. Шинэ гэрийн эзэн н.Батцэнгэл эхнэр 3 хүүхдийн хамт Алтанбулаг суманд амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй байсан байна. Ингээд А.Туулсүрэнгийн өрнүүлсэн сайн үйлсийн ачаар зорилтот бүлгийн залуу хосууд өөрийн гэсэн орох оронтой болжээ. Энэхүү "Залуу гэр бүлийг дэмжих" аянд сумын хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГазар, Тохижилт үйлчилгээний алба, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид гээд бүхий л хүмүүс идэвх санаачлагатай оролцсон байна. Дээрх хүмүүсийн хандив, тусламжаар бүрдсэн нийтдээ 4 сая орчим төгрөгний гэр, гэрийн тавилга, хүнсний зүйлийг н.Батцэнгэлд хүлээлгэн өгөв.
Энэхүү иж бүрэн тавилгатай шинэ гэрийг эзэнд нь хүлээлгэн өгөх ажиллагаанд Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал, Засаг дарга П.Батсайхан, “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан н.Хоролоо болон хандив үзүүлсэн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ч.Отгонцэцэг