Оны тэргүүний "Алтан гарт залуу эмч" нар тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-15 12:06:46

МЗХ-ноос “Тэргүүний залуу эмч” шагнал бий болгож, энэ оны тэргүүний “Алтан гарт залуу эмч” нарыг тодрууллаа.

Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ давхардсан тоогоор 17 сая гаруй хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Энэ олон мянган хүмүүст амьдрал, нас бэлэглэж, өвчин эмгэгээс нь ангижруулж буй залуу эмч нарын ажлын амжилтыг үнэлэх, эмчилгээ оношилгооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор анх удаа энэхүү ёслолыг зохион байгуулснаараа онцлогтой.

Нэлтийн үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Энэ цаг үед хийж бүтээж байгаа, жинхэнэ алтан гартай гэдгээ харуулж хүний амийг аварч байдаг тэр үнэт залуучууддаа урам өгч, үеийнх нь нөхдийн дотор тод харуулахыг хүссэн юм” хэмээн онцлов.

Монгол Улсын хүний гавьяат эмч Ц. Мухар “Эмч та бүхэн хамгийн хүнд фронтод ажиллаж буй эрхэм хүмүүс. Энэ фронт залуучуудаараа улам өргөжиж байна. Залуучуудад  цаашид сурах зүйл ч их бий. Тэр дундаа анагаах ухаанд хэлний мэдлэг том байр суурь эзэлдэг шүү” хэмээн чухалчлан захилаа.

Шалгаруулалтад шилдэг эмчээ нэр дэвшүүлсэн байгууллагуудын 200 орчим материал ирснээс шүүгчдийн шалгаруулалтын дагуу уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, лаборатори, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг номинациар 35 залуу эмч ийнхүү шагналаа гардав.

МЗХ-ноос цаашид уг ёслолыг жил бүр уламжлал болгон, улам өргөжүүлэн зохион байгуулах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ