Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-14 16:17:57

УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр, санхүүгийн зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож байна. 

Шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулж байгаа юм. Уг шалгалт нь 2011-2016 оны хоорондох үйл ажиллагааг нь хамарчээ. 

Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гарсан. Гэтэл үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарсан. Тиймээс холбогдох хууль дүрэм мөрдөөгүй, зарим сайд нарт хуулиас гадуур эрх олгосон. Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль ёс дээдлэх зарчимыг алдагдуулсан хэмээн ажлын хэсэг дүгнэжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг есдүгээр сард байгуулагдсан бөгөөд шалгалтын нийт дүнгээр бол 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж үзсэн байна.

УИХ-аас 2011 онд “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хууль баталж, Монгол Улсыг өрсөлдөх чадвар сайтай, өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох зорилготой, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг байгуулсан байдаг.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ