Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх нийтээр амарна
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 29-ны өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож буй учир бүх нийтээр амарна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн.
2011 оноос эхлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 12 дугаар сарын 29-нийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр"-ийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн хуульчилж тэмдэглэн ирсэн. Тиймээс хуулийн дагуу эл өдөр улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Түүнчлэн ирэх оны Нэгдүгээр сарын 1-нд "Шинэ жилийн баяр"-ыг тохиолдуулж бүх нийтээр амрах бөгөөд энэ удаад ням гараг тохиож байгаа. Тиймээс 12 дугаар сарын 30-ны баасан гарагт шилжүүлэн амрах асуудал хөндөгдөөд байгаа юм. Гэхдээ энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байна.
Н.Туяа