УИХ-ын даргын ивээл дор шатрын тэмцээн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-08 21:30:17

УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, шинэ Ардчилсан Үндсэн хууль баталсан АИХ-ын Депутатуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд  Шатар сонирхогчдын 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Ирэх амралтын өдрүүдэд нийслэл болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулах тус тэмцээнд анхан шатны болон шатар сонирхогчдын сум, байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох юм.

Жил бүр уламжлал болон 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа хүндэтгэл, оролцоо ихтэй энэхүү тэмцээн энэ оны 12 дугаар сарын 10-ны өглөө 9 цагт аймгийн "Иргэний танхим"-д эрэгтэйчүүдийн, Хэрлэн сумын "Иргэний танхим"-д эмэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хангагджээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ