ЭЗХАХБ-ын “ЕВРОАЗИЙН ДОЛОО ХОНОГ” олон улсын хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-07 17:31:27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Сэргэлэн нар Парис хотноо төвтэй Олон улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас (OECD) зохион байгуулсан “ЕвроАзийн долоо хоног” олон улсын хуралд оролцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого боловсруулах гол зорилготой бөгөөд энэхүү хуралд гишүүн 34 орон, Зүүн Европ, Төв Азийн 13 орны өндөр хэмжээний төлөөлөгчид, түүнчлэн олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд оролцлоо. 2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргизстан,Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдаад байна.

 Уг хурлын үеэр ЭЗХАХБ (OECD)-аас Монгол улсад 2016 онд хэрэгжүүлсэн ЖДҮ-ийн Санхүүгийн Хүртээмжийг Нэмэгдүүлэх төслийн эцсийн дүн шинжилгээг ЭЗХАХБ-ын гишүүн орнууд болон ЕвроАзийн орнуудын өндөр түвшний төлөөлөгчдийн хамтаар харилцан хэлэлцэв.

Харилцан дүн шинжилгээний үеэр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээлтийн үг хэлж, Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, Эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж төслийн хүрээнд гарсан зөвлөмж, дүн шинжилгээний талаар илтгэл тавьж, ЭЗХАХБ болон Монгол улсын цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар ярив. ЭЗХАХБ-ын ЕвроАзийн газрын захирал Виллиам Томсон, ЕвроАзийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Антонио Сомма нартай хоёр талын уулзалт хийж, мөн ЕвроАзийн улсууд болох Киргизстан Улсын Шадар сайд ноён Олег Панкратов, Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн дэд сайд хатагтай Мадина Абилкасимова, Польш Улсын төлөөлөгчид, ЭЗХАХБ-ын Санхүүгийн боловсролын Олон улсын сүлжээ, Татварын бодлогын төв, ЖДҮ-ийн Санхүүгийн сүлжээний төлөөлөгч нартай хоёр талт уулзалт хийв.

Монгол Улс 1990 оноос эхлүүлсэн улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын туршлага, туслалцаа чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ