Аймаг, цэргийн начин цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-07 16:50:31

Өвөрхангай аймгаас төрөн гарсан аймаг, цэргийн начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг тус аймагт анх удаа зохион байгууллаа.

Өвөрхангайгаас аймаг, цэргийн 112 начин төрж гарсан байдаг.  Энэ удаагийн арга хэмжээнд 64 начин оролцсон юм. Тэдэнд  аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Энхтөр, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ч.Хүрэлбаатар болон нутгийн зөвлөлийнхөн, ах дүү төрөл төрөгсөд нь хүндэтгэл үзүүллээ.

Мөн 50-иас дээш настай ахмад бөхчүүдийн дунд зохион байгуулсан барилаанд 16 бөх барилдсанаас аймгийн заан Л.Оргодол түрүүлж, аймгийн арслан Ц.Мягмарсүрэн үзүүрлэв. Их шөвөгт аймгийн начин С.Норов, аймгийн начин Б.Чулуунлхагва нар шалгарлаа.

Түүнчлэн улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 32 бөх барилдаж, аймгийн начин С.Бямбадорж түрүүлж, аймгийн харцага Б.Цэдэнсодном үзүүрлэн улсын начин Ц.Чимэддорж, аймгийн начин С.Галданцогт нар шөвгөрлөө.

Өвөрхангай аймгийн удирдлагууд болон БТСГ, аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2015 онд аймгийн заан, аймгийн арслан цолтнуудад, 2016 онд аймаг, цэргийн начингуудад анх удаа хүндэтгэл үзүүлсэн ба ирэх онд аймгийн харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байна.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ