Сургалт аргазүйн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-07 11:02:25

Ховд аймагт орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Сургалт арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойн  баярын хурал Ховд аймгийн Хөгжимт Драммын театрт боллоо.

Тус баярын хурал хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга М.Пүрэвхүү нарын албаны хүмүүс болон боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн багш,  ажиллагсад, ахмад буурлууд болон сурган хүмүүжүүлэгч багш нарын  төлөөлөлүүд оролцлоо.

Ховд аймагт сургалт арга зүйн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас хойш дэлхийн боловсролын хөгжилтэй  хөл нийлүүлэн, боловсролыг хөгжүүлэх их үйлсэд мянга мянган  хөдөлмөрчин ард түмэн тэдний  үр хүүхдийн оюуны мэлмийг нээгч, ирээдүйн замыг заагч, чиглүүлэгч, удирдан манлайлагч эрдэм номын гэгээн өргөө байсаар ирснийг тус баярын хурал дээр аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга М.Пүрэвхүү баярын хурлын индрээс онцоллоо. 

Боловсролын байгууллагын түүхээс цухас дурьдвал тэртээ 1928 онд Ховд аймагт  “Сурган гэгээрүүлэх хэлтэс” байгуулагдсан нь ардыг гэгээрүүлэх байгууллага үүсэж хөгжихийн эх үүсвэр болжээ. Аймгийн гэгээрлийн хэлтэс нь орон нутаг дахь сургуулийн байгууллагын ажлыг хариуцан ажиллахын зэрэгцээ хөдөлмөрчин олон түмнийг бичиг үсгийн боловсролтой болгох улмаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн цаашдын бодлогыг тодорхойлж, боловсролын талаарх төрийн үйл хэргийг ард түмний дунд түгээн дэлгэрүүлж,  багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг боловсролыг ахиулахад анхааран ажиллаж байлаа.

Ардын боловсролын яам, гэж байх үед Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэмжлэг, туслалцаатайгаар хөдөө орон нутгийн анхны дээд боловсролын сургалтын байгууллага болох Багшийн дээд сургуулийг 1979 онд байгуулсан юм.

Аймаг, улсад ажлаараа тэргүүний байгууллага, багш, ажилтан олноор төрж гарсны дотор биологийн багш Х.Бадамсэд 1983 онд "Монгол Улсын гавьяат багш", 1989 онд "Ардын багш" цол хүртсэн байдаг.

1990-ээд оноос манай орны улс төр эдийн засаг, нийгэм, соёлын хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэл явагдаж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн байгуулалд шилжиж, боловсролын салбарт төвлөрлийг сааруулах, боловсролын агуулга, сургалтын арга технологид шинэчлэл хийж эхэлсэн юм. Нийгмийн хуучин тогтолцоо өөрчлөгдөж эхлэх үед сургууль, цэцэрлэгийн цахилгаан, дулааны хангамж эрс муудаж, сургуулийн дотуур байрны хүүхэд цөөрч, сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөл бололцоо бэрхшээлтэй болсон юм.

Боловсрол, соёлын удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийгдэж төсөв хөрөнгийн хувьд хүндрэл учирч байлаа. Удирдлагын төвлөрлийг сааруулах, төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох зорилгоор “Ардын боловсролын хэлтэс”-ийг аймгийн Засаг Даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст нэгтгэж боловсролын салбарын удирдлага, санхүүжилтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар хариуцах болов.

2003 онд Монгол Улсын Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Боловсрол, соёлын төвийг Боловсрол, соёлын газар болгон өргөтгөж төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдэд боловсролын чанартай үйлчилгээ үзүүлдэг боловсрол соёлын байгууллагуудыг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг, сургалт судалгааны ажил явуулах үүрэг хүлээх болсон юм.

Тус баярын хурал  Ховд аймгийн  боловсролын салбарт бодит хувь нэмрээ оруулан олон жил ажиллаж тус салбарыг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэл,оюун ухаанаа зориулж ирсэн ахмад буурлууд, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй үе үеийн шилдэг тэргүүний багш ажилчдыг Монгол улсын Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУ-ны жуух бичиг,  Ховд аймгийн хүндэт тэмдэг, Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөл, болон БСУГ-ын "Эрхэм үйлстэн" тэмдэгээр шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ