З.Блаттерт ногдуулсан шийтгэлийг хууль ёсных гэж үзэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-12-06 11:17:48

ЛОНДОН./BBC/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ Ёс зүйн хорооноос гаргасан З.Блаттерыг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг 6 жилээр хориглох тухай шийдвэр нь хууль ёсных болохыг Лозанна дахь Спортын арбитрын шүүх /CAS/ хүлээн зөвшөөрлөө.

САS-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб-ын ярьснаар, Блаттерын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

“Энэ оны 2 дугаар сард ФИФА-гийн Давж заалдах хорооноос гаргасан шийдвэр хүчинтэй хэвээрээ бөгөөд Блаттерыг 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 6 жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үндэсний болон олон улсын хэмжээний арга хэмжээнүүдэд оролцохыг хориглоно” гэж тэрбээр хэллээ. 

Түүнээс гадна Блаттер 50 мянган швейцарь франкийн торгууль төлөх аж.

Хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг Блаттер болон Платини нарт хориглох тухай шийдвэрийг ФИФА-гийн Ёс зүйн хороо өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан билээ. Ийм шийдвэр гаргах болсон нь 2011 онд Блаттераас УЕФА-гийн тэргүүн байсан Мишель Платинигийн нэр дээр 2 сая орчим доллар шилжүүлсэн гэх дуулиантай холбоотой юм.

Харин Блаттер, Платини нар дээрх шийдвэрийг давж заалдсан бөгөөд Блаттер уг мөнгийг 1990-ээд оны эхээр ном журмын дагуу Платинигаас зээлсэн гэж мэдэгдэж байсан билээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ