Завхан аймаг ирэх дөрвөн жил үйлдвэрлэлийг илүү хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-06 01:50:20

Завхан аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

Хуралдаан 92.5 хувийн ирцтэйгээр эхэлж зургаан асуудал хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдээс ирсэн санал хүсэлт дээр тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар батлууллаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжил, Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Сайн засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд нийт 210 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн ирэх дөрвөн жил 16 хөтөлбөр шинээр хэрэгжүүлэх юм. Ирэх 4 жилд Завхан аймаг зөвхөн хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болохоос гадна ажлын байр нэмэгдэнэ, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар хөгжинө гээд салбар бүрт томоохон дэвшил гарна гэж хөтөлбөр боловсруулагчид үзэж буй юм.

 

Ирэх онд 16 хөтөлбөр хэрэгжүүлнэ

Завханы ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дөрвөн  бүлэг, 24 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд аймгийн 16 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн, гурван аян зохион байгуулж, нийт 23 тэрбум 846,8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар тусгагджээ. Үндсэн чиглэлийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, Засгийн газрын 2016 оны 249-р тогтоол, Засгийн газрын бодлогын баримт бичгүүд, Намуудын мөрийн хөтөлбөр, Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр, Завхан аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд,  Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өмнөх онд хийж дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, аймаг орон нутагт зайлшгүй хийхээр тулгамдаж буй зорилт, арга хэмжээг шийдвэрлэх зэрэг зарчмыг баримтлан боловсруулжээ. 2017 оны үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ хэрэгжиж, биелэгдсэнээр аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 гаруй хувь нь биелэх боломж бүрдэх юм.

ОНХС-ийн хуваарилалтыг хийхдээ газар нутгийн хэмжээг нэн тэргүүнд тавьжээ

Завхан аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, тодотгол, 2017 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас ирэх онд Завхан аймгийн төсвийн суурь орлогыг 778,9 сая төгрөгөөр өсгөх, суурь зардлыг 906 сая төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн байна.  Энэ хүрээнд 2017 оны төсвийн төслөө боловсруулж энэ удаагийн ИТХ-аар батлууллаа. Энэ жил Завхан аймагт ОНХС-ийн 1,9 тэрбум төгрөг хуваарилагдсанаас тусгай шилжүүлгээр 432.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. Иймд үлдсэн 1,5 тэрбум төгрөгийг шинэчлэгдсэн төсвийн тухай хуулиар 70 хувийг нь аймагтаа, 30 хувийг суманд зарцуулах юм. Энэ жилийн ОНХС-ийн төсвийг хуваарилахдаа  нэн тэргүүнд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, алслалт буюу аймгийн төвөөс тухайн сум хүртэлх зай гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг харж тооцжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ