С.Амармандахыг зодсон этгээдийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-02 13:24:24

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах 11 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна.

Түүний биеийн байдал, болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэр, ойр дотны хүмүүс "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Энэ хуралд дуучны аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Б.Баяржаргал, "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Г.Батхуяг нар оролцов. 

С.Амармандахын өмгөөлөгч Г.Батхуяг "Хохирогчийн биед халдсан хүний нэрийг хэлэх боломжгүй. Хуулийн байгууллагууд түүнийг гадуур байцааж байгаа. Харин олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа шиг Оросын Элчин сайдын яамны ажилтантай "Хай, Гитлер" гэж мэндлээгүй. Тэр хоёрын дунд өмнө нь ямар нэгэн маргаан болоогүй.

Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно. Гэхдээ одоо болтол нэг ч мэдүүлэг аваагүй байна. Мөн мөрдөн байцаагчийг нь хоёр ч удаа солилоо. Шүүхийн шинжилгээний хариу удаашралтай явж байгаа зэрэг нь анхаарал татаж байна" гэв.

Дуучин Б.Лхагвасүрэн "Найз С.Амармандах хүнд зодуулж, бэртсэн энэ үйл явдал 11 дүгээр сарын 22-нд болсон. Энэ өдөр  "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болж, Амраа "Би Монгол хүн", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт монгол бүсгүй" дуугаа дуулсан. Энэ үеэр хас тэмдэгтэй үндэсний хувцсаа өмссөн байсан. Дуугаа дуулчихаад, хувцсаа сольж гэр рүүгээ явахаар концертын танхимаас гарах үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүнийг барьж авч, ар талаас нь хүнд металл зүйлээр цохиж ухаан алдуулсан. Баарны зөөгч залуу очиж орос нөхрийг татаж унаган болиулсан. Болсон явдлыг харсан гэрч болон камерын бичлэг байгаа. Хэрэг үйлдсэн хүн цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Хэвлэлүүд болсон явдлын талаар буруу ташаа мэдээлэл тарааж, олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааны асуудлыг сөхөж, олон нийтийг турхирсан, буруу ойлголт яваад байгаатай холбоотой тайлбар хийе гэсэн юм. Хэргийг холбогдох хүмүүс нь шалгаж байгаа болохоор монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.

Түүний аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Би энэ 10-аад хоногт хүүгээ танихгүйд хүрлээ. Та бүхний мэддэг С.Амармандах биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Оёдлоо авахуулж байгаа. Тархинд нь нөж хурчихсан байна. Энэ дашрамд Гэмтлийн эмнэлгийн эмч нарт нь баярлаж байгаагаа илэрхийлье. Бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Энэ сарын 4-ний өдөр Сэвжид аавын минь 100 жилийн ойн ёслолын арга хэмжээ болох гэж бид нэлээд ажилтай байсан ч бидэнд гэнэт  хүнд хэцүү явдал тохиолдоод байна. Хууль хяналтынхан сайн ажиллаж үнэн мөнийг нь шүүж өгөөсэй гэж хүсч байна" гэв.

 "Хар сарнай" хамтлагийн гишүүн Б.Баяржаргал ч  "Монголын хууль л үнэн мөнийг тогтоогоосой гэж хүсч байна. Найз минь удахгүй урлагийн тайзнаа гялалзана гэж найдан хүлээж байна. Бид удахгүй "Миний төрсөн нутаг Монголын сайхан орон" тоглолтоо хийх юм. Тэр үед найз минь дуулаасай" гэж хүсч байна гэлээ. Мөн энэ үеэр болсон явдлын талаар камерт үлдсэн бичлэгийн хэсгээс сэтгүүлчдэд үзүүллээ.

Эцэст нь "С.Амармандах маань ч өөрөө орос хэлний 23 дугаар сургууль төгссөн. Орос хэлээр сайн ярьдаг учир зүй бус үг хэлэх байтугай оросын ард түмнийг хүндэтгэдэг. Тиймээс Оросын ЭСЯ болон хоёр орны харилцаанд сэв суулгах асуудал гаргахгүйгээр гэмт хэрэгтнийг л хуулийн дагуу шалгаж өгөөч " гэж хүссэн гэдгээ мэдээлснээр энэ өдрийн хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ