Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэж баталлаа.
Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль нь 1995 онд батлагдсан бөгөөд анх удаа төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд тус хуульд 2001, 2003, 2004 /2 удаа/, 2014 /1 удаа/ онд буюу нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч эдгээр нь зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт бус хуулийн тодорхой нэр томьёо, зүйл, заалтыг өөрчилсөн, зөрчил, шийтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
Төрийн нууцын тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, эрх зүйн тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдсэн. Гадаад орнуудын төрийн нууцыг хамгаалах арга, хэлбэрт ч өөрчлөлт гарч төрийн нууцыг хамгаалах хууль тогтоомжоо боловсронгуй болгох арга хэмжээг идэвхитэй авч хэрэгжүүлж байна.
Гэвч манай улсын төрийн нууцын тухай хууль тогтоомж үндсэндээ цаг үеийн шаардлагаас хоцорч, өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон нь эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээ болон хууль хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл, бэрхшээлүүдээр батлагджээ. Түүнчлэн төрийн нууцтай салшгүй холбоотой төрийн байгууллагын албаны нууц нь Байгууллагын нууцын тухай хуулийн хүрээнд хэт ерөнхий зохицуулагдаж, түүний ойлголт, хамгаалах тогтолцоо тодорхой бус явж ирсэн.
Иймд төрийн болон албаны нууцын асуудлыг шинэ зарчим, хандлагаар авч үзэж Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нэгтгэн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллүүд, байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг тодорхой хуульчлах, мэдээллийг нууцлах, ил болгох оновчтой зохицуулалтыг бий болгох, иргэний мэдээлэл авах эрхийг хангах, төрийн болон албаны нууцыг хамгаалах олон талт арга хэмжээг бүрэн тусгах, нууц хамгаалалтад тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сарын 12-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Нийт 7 бүлэгтэй уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэж баталлаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ