Хөгжимт драмын театр 60 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр 60 жилийн ойгоо өнгөрсөн бямба гарагт тэмдэглэв.
Ойн баярын цуглааныг театрын захирал Б.Асылбек нээж, тус урлагийн байгууллагын түүхийг танилцуулсаны дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан, хүндэт зочиноор уригдаж ирсэн Монгол Улсад Казахстанаас сууж байгаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобыландин, Дорнод Казахстан мужийн А.Хашаубаевын нэрэмжит театрын захирал Адай Зейнолда, МУАЖ Б.Хайжамал нарын олон хүн үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлэв. МУСТА, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар олон хүн шагнаж, настан буурал авъяастнуудад бэлэг дурсгалын зүйл гардуулав. Эрхэм зочин Адай Зейнолда театрын жүжигчдэд цоо шинэ гоё хувцас бэлэглэжээ. Тус театр баярын сонирхолтой тоглолт, хэд хэдэн жүжгийг тайзанд гаргасны дээр Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын нэрэмжит театр, Казахстаны А.Хашаубаевын нэрэмжит театрын жүжигчдийн тоглолт үзэгчдэд онцгой таалагдлаа.
Ш.Айзаря