Жуба хот руу энхийг сахиулагчдыг илгээхээр тохиролцлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖУБА. /ВВС/. Өмнөд Суданы Засгийн газар Жуба хотод НҮБ-ын бүс нутгийн хамгаалалтын хүчнийг байрлуулахыг хүлээн зөвшөөрлөө.
Өнгөрсөн долдугаар сард Жуба хотод Өмнөд Суданы Засгийн газар болон босогчид хоорондын мөргөлдөөн газар авч, олон хүн шархдаж, амиа алдсан билээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Өмнөд Судан руу 4000 орчим энхийг сахиулагч илгээх шийдвэрийг гаргасан байна. Харин Өмнөд Суданы Засгийн газар энэ шийдвэрийг эсэргүүцэж, улсын тусгаар тогтнолыг зөрчсөн шийдвэр гэж мэдэгджээ.
Гэвч тус улсын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт хуралдаж, шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
Өмнөд Суданы Мэдээллийн дэд сайд Акол Пол Кордит энэ талаар мэдэгдэхдээ, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй зөрчилдөхийг хүсэхгүй байна, харин хамтран ажиллах хүсэлтэй байна гэжээ.
Тус улсын Засгийн газар НҮБ-тай бусад асуудлыг тэр дундаа, цаг хугацааны асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
Д.Нямтулга