"ПРОКУРОР-2016" тэмцээнд Төв аймгийн хяналтын прокурор М.Гансувд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-24 21:58:28
Yesukheitumur Tumurbaatar

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан биенээсээ суралцаж, ажлын туршлага солилцох, шилдэг прокурор шалгаруулах зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгуулсан "Прокурор"2016 тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тэмцээнд нэгдүгээр шатнаас шалгарсан орон нутгийн нийт 32 прокурор оролцож, эрх зүйн мэдлэг, гэмт хэргийн зүйлчлэл, хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тавих, хяналттай холбоотой эрх зүйн бодлого бодох болон өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих зэрэг 13 төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд авсан бол хоёрдугаар байрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв шалгарчээ. Харин гуравдугаар байрыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир хүртсэн юм. 

Тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдад Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тэргүүн байрын цомыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн тэрээр нийт тэмцээнд оролцсон прокроруудад хандан "...Прокурор хүн хар цагааныг дэнсэлэхийн тулд мэдлэг боловсролтой байх ёстой. Та бүхний мэдлэг ур чадварыг сорьсон энэ тэмцээн цаашдаа уламжлал болон зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна" хэмээн "Прокурор-2016" тэмцээнд оролцсон нийт прокурорууддаа ажлын амжилт хүссэн юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ