Завханы томоохон даваануудад замын шуурхай хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 23:02:57

Завхан АЗЗА ТӨХК-иас 40-өөд хүнтэй таван шуурхай хэсэг томоохон даваанууд дээр ажиллаж байна.

Эднийхэн Загастай, Солонгот, Ганц, Согоот, Агуйтын хөтөл гэсэн томоохон давааны зам засвар арчлалтыг жилийн дөрвөн улирал хийдэг. Энэ сарын 19-нээс эхлэн долоо хоног үргэлжлэн орсон цасны улмаас дээрх томоохон даваануудад цасны зузаан 20-25 см болж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсныг цаг тухай бүр шуурхай хэсэг ажиллан цэвэрлэж байна. Мөн хальтиргаа гулгаа үүссэн нөхцөлд давс, элс хайрганы холимог зэргийг цацаж улсын чанартай авто зам, даваануудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж буй юм.

Баруун чиглэлийн аймгуудын гол зам болох Солонготын даваа, Агуйтын хөтөл, Ганцын даваан дээр долоон хүний бүрэлдэхүүнтэй, Загастай, Согоотын даваан дээр зургаан хүний бүрэлдэхүүнтэй шуурхай хэсэг шаардлагатай үед замыг цэвэрлэх, элс хайрга давс цацах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус компаниас хоёр ковш, хоёр гридер маркийн машин 40-өөд ажилчин байнгын ажиллаж байгаа. Элс хайрга, давсыг хальтиргаа гулгаа үүссэн үед даваа бүр дээр 200 метр газар цацаж байна. Зам давааны аюулгүй байдлыг ханган ажиллахад машин техник, шатахууны үнэ гээд төсөв мөнгөний асуудал их хүндрэлтэй байгаа. Төсвөөс олгогдох санхүүжилт байнга дутуу орж ирж байгаа.

Цаашид цаг агаар хүндэрсэн нөхцөлд дээрхи шаардлгатай байгаа асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгаагаа аймгийн Онцгой комисст хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн үргэлжилсэн цас оролтоор зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл саатсан асуудал гараагүй хэмээн Завхан АЗЗА ТӨХК-ийн ерөнхий инженер Г.Батсайхан мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ