“Дарханд үйлдвэрлэв” бэлгийн багц худалдаанд гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-21 21:05:02

“Дарханы үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-аас эрхлэн “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр байгуулж аймгийнхаа дөрвөн сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл бүрээр нь баг болгож ажиллуулахын зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хямд эдэлгээ сайтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж ажилгүй иргэдээ ажилтай болгохыг зорьжээ. Мөн оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байраар хангаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан бие биенээ дэмжин хамтарч ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд ойртож үйлдвэрлэлийн салбарт ач холбогдол өгөхүйц ажил болсныг аймгийн Засаг дарга С.Насанбат өндөр үнэлжээ. Үйлдвэрлэлийн салбарын энэ зохион байгуулалт нь хөрөнгө оруулалт татах, улсаас олгож буй зээл тусламжийг бодит ажил болгож зээлээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилдаг томоохон төвлөрөл бий болгосноороо давуу талтай гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ярилаа.

Түүнчлэн Дарханы үйлдвэрлэгчдийн бараа нэг дор цугларснаар иргэдэд нэг цэгээс өргөн сонголттой худалдаа явуулах худалдан авах боломж олгосон. Тус дэлгүүрт энэ сарын 20-ноос эхэлж аймгийнхаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүний цуглуулгаас бүрдсэн “Дарханд үйлдвэрлэв” бэлгийн багцийг худалдаанд гаргажээ. Уг багцад “Дархан хүнс” ХХК-ийн зөөхий, жигнэмэг, чихрийн цуглуулга, “Монгол Алтан тос” ХХК-ийн ургамлын тос, “Дархан ариун ундарга” ХХК-ийн чацарганы жүүс, “Эрдэнэт зөгий хоршоо”-ны зөгийн бал, “Дархан Загвар гоёл” ХХК-ийн хөргөгчний наалт, түлхүүрийн оосор зэрэг багтсан нь эрэлт ихтэй байна. Тус дэлгүүр нь сарын өмнө нээлтээ хийж байжээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ