Хүүхдүүдийн цуглуулсан хавхаар ирвэсний хөшөө бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-18 12:34:34

Ховд аймагт машин засдаг жирийн нэгэн залуу О.Бат-Эрдэнэ хүүхдүүдийн цуглуулсан хавхаар анх удаа ирвэсний хөшөө бүтээжээ. Ингэснээр Ховд аймаг ирвэсний хөшөөтэй анхдагч аймаг болоод байгаа бөгөөд хөшөөнд 60 хавх орсон байна. 

Хоёр жилийн өмнө Ховд аймийн Манхан сумын хүүхдүүд санаачлан Ховд аймгийн Жаргалант хайрхан уулнаас 164 хавх цуглуулсан нь томчуудын анхааралд хүрч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал гарч улсын хэмжээнд байгальд тавьсан урхи, хавхыг хураах, амьтан агнах, барихад хориглосон арга, зэвсэг хэрэгслийн талаар иргэдэд сурталчлах арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх ажил эхлэн ажил орон даяар үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд Хавхгүй аймаг Ховд болох зорилт тавин ажиллаж Алтай нурууны ар өврөөр нутаглах 10 сумын байгаль хамгаалагч, байцаагч нар, Мянган угалзат, Мөнххайрханы БЦГ нар  хамтран Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай аяныг амжилттай зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд Манхан сумын сургуулийн сурагчид жилийн хугацаанд нийт 732 хавх хурааж, цуглуулсан бөгөөд энэ хавхаар дээрх хөшөөг хийжээ.

Цаашид энэхүү аяныг үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх, хил гаалиар  оруулахыг хориглох барааны жагсаалтад хавхыг оруулах саналыг тусгасан уриалгыг нийт оролцогчид гаргаж энэхүү ирвэсний хөшөөг босгосон байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ