Хөгжимчин, бүжигчний мэргэжлийг орон нутагтаа эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-16 15:55:53

Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/  2016-2017 оны хичээлийн жилд ажил олгогчийн захиалгаар хөгжим, бүжгийн ангиудыг нээн хичээллүүлж эхэлсэн. Ингэснээр урлаг соёлын чиглэлээр сурах сонирхолтой хүүхдүүд ямар нэгэн төлбөр мөнгөгүйгээр, орон нутагтаа эдгээр мэргэжлийг эзэмших бүрэн боломж нээгдсэн. Одоогоор хөгжмийн ангид 14, бүжгийн ангид 8 гээд нийт  22 хүүхэд суралцаж байна.

Эдгээр суралцагчид нь ЕБС-аа төгсөөд шууд элсэн суралцаж байгаа учир бүрэн дунд боловсрол олгох хичээлүүд давхар орно. Бүрэн дунд боловсролын хичээлийг МСҮТ-ийн багш нар, харин мэргэжлийн хичээлийг аймгийн Жаахан шарга театрын мэргэжлийн хөгжимчин, бүжигчид удирдан явуулж байна. Намар хүүхдүүдээ сонирхлынх нь дагуу сонгон шалгаруулж авсан болохоор хичээлдээ маш идэвхтэй оролцдог гэдгийг МСҮТ-ийн аргазүйч Д. Нямсүрэн хэллээ.

Хөгжим анги нь үндэсний болон найрал гэсэн төрөлтэй бол, бүжиг анги нь ардын, сонгодог гэсэн төрөлтэй. Мэргэжлийн хичээлүүд бүгд Жаахан шарга театр дээр явагддаг бөгөөд үндэсний найман төрлийн хөгжмийг хүүхдүүд эзэмшиж байна.

Эдгээр 22 хүүхэд нь 2,5 жилийн хугацаатай суралцан төгсөнө. Ингэхдээ мэргэжлийн болоод бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөх юм. Улмаар төгсөөд Жаахан шарга театрт болоод сумдын сургууль цэцэрлэг, соёлын төвүүдэд ажиллах бүрэн боломжтой.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ