Архангай аймгийн ИТХ-ын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-16 15:40:25

2016 оны сонгуулийн үр дүнд шинэчлэгдсэн ИТХ-даа Архангайхан их итгэл өгч, ямар шийдвэр гаргахыг анхааралтай харж байна. Учир нь 2016 оны арван хоёрдугаар сарын 4-5-нд хуралдах аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар 2017-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах юм.

Ийм ч учраас иргэн, аж ахуйн нэгж, албан газар, ТББ-уудаас ажил хэрэгч олон арван саналыг аймгийн ЗДТГ болон төлөөлөгч нартаа өгсөөр байна.

Юуны түрүүнд, ИТХ маань ямар бүрэлдэхүүнтэй буйг сонирхуулъя.

Архангай аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 26 нь МАН-аас 13 нь Ардчилсан намаас нэр дэвшигч байгаа юм. Өөрөөр хэлбэл харьцаа 2:1. Насны хувьд хамгийн ахмад нь ИТХ-ын нарийн бичгийн дарга Мэрдээгийн Батдорж 58 настай, хамгийн залуу нь Өгийнуур сумаас сонгогдсон мал зүйч Пүрвээгийн Бат-Эрдэнэ 29 настай. Залуу 29-40 насны 11, идэр 41-50 насны 19, ахимаг 51-58 насны 9 төлөөлөгч байна.

Үүнээс 6 эмэгтэй, 33 эрэгтэй. Хөдөө сумандаа 13, Цэцэрлэг хотод 25, Улаанбаатарт 1 хүн оршин суудаг. Анх удаагаа 26, хоёрдохоо 5, гуравдахаа 4, дөрөвдөхөө Д.Гомбодорж, Д.Мөнхбат, тавдахаа Ж.Нэргүй, Г.Чулуунбаатар төлөөлөгч сонгогджээ. Төлөөлөгчдийг мэргэжлээр нь ав үзвэл, малын эмч мал зүйч 6, хүний эмч 5, эдийн засагч 8, инженер 8, газар зохион байгуулагч 2, багш 3, хуульч 2, бусад мэргэжилтэн 5 хүн байна.

Дээд боловсролтой 38, тусгай дунд боловсролтой 1 төлөөлөгч болно гэсэн судалгааг ИТХ-ын ажлын албанаас гаргажээ. Эндээс харахад, Архангай аймгийн ИТХ нас, мэргэжил, боловсролын хувьд ёстой жигдэрсэн сайхан байна. Харин хүйс, амьдран суугаа байршил, олон ургальч үзлийн төлөвшлийн хувьд цаашид бодууштай зүйл ажиглагдлаа.

Л.Булган

Холбоотой мэдээ