Тэтгэвэр давхардуулан авч байгаа эсэхэд шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-14 01:08:11

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нар аймгийнхаа хэлтэс, агентлагуудын ажилтай  танилцах ажил үргэлжилж байна. Энэ удаа аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн ажилтай танилцахаар очиход аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн хяналтын хорооны гишүүд хамт очиж танилцлаа.

Аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр ажлын хэсэгт танилцуулахдаа “Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсаны хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, улсын төсвөөс олгох хөрөнгө, бусад эх үүсвэрүүдээс нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр бүрддэг” гэв. Эднийх энэ оны гуравдугаар улирлын байдлаар 28413,2 тэр бум төгрөг хуримтлуулахаас 28677,4 тэрбум төгрөг хуримтлуулж орлогын төлөвлөгөөг 101 хувиар давуулан биелүүлжээ. Тус хэлтсийн хуучин барилга 1984 онд ашиглалтад орсон бол 2015 оны улсын байцаагчийн актаар барилга ашиглалтын төлөв байдлыг тодорхойлсны дагуу зайлшгүй өргөтгөх шаардлагын хүрээнд мөн оны хөрөнгө оруулалтаар хэлтсийн шинэ барилгыг барихаар болж дөрвөн давхар ажлын зориулалттай 21х15 метрийн хэмжээтэй 3644 м2 талбай бүхий байрыг энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулснаар өнөөдөр шинэ байрандаа иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгааг хэллээ. Цаашид тус хэлтэс нь иргэд даатгуулагчдыг нийгмийн даатгалд бүрэн хамруулах зорилтын хүрээнд татварт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа иргэд даатгуулагчдыг бүрэн хамруулж нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулах ажилд гол анхаарлаа хандуулах ажээ.

Дотоодын хяналтыг нэмэгдүүлэх иргэдийн регистрийн зөрчил, халамжийн сан болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр давхардуулан авч байгаа эсэхийг шалгах, мөн эмнэлэг, эмийн сангуудад хийх хяналтыг эрчимжүүлж аж ахуйн нэгж, байгууллагуудад хуулийн хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ