Сэтгүүлчид бага хурлаа хийж, асуудлаа хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүд XVI их хурлаараа Бага хурлын гишүүдээ тодруулсан. Тэгвэл бага хурлын гишүүд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ хэлэлцэж, зарчмын хэд, хэдэн асуудлаар шийдэлд хүрлээ.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Бага хурал өнөөдөр МҮОНР-ын “Цагаан лавай” хурлын танхимд болсон бөгөөд Мэргэжлийн төвүүд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тодруулбал 2015 оны нэгдүгээр сард болсон МСНЭ-ийн XVI их хурлаар Телевиз, Радио, Цахим мэдээлэл, Сонин сэтгүүл, Сургалт судалгаа, Орон нутаг гэсэн 6 бүлэгт хуваагдан мэргэжлийн төвүүдийг байгуулсан. Тус төвүүд болон МСНЭ, Хяналтын зөвлөл их хурлаас хойш ямар ажил өрнүүлснээ тайлагналаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ярихдаа, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МСНЭ-ийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, гадаад, дотоод харилцаагаа тэлэхэд нэлээн анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд МСНЭ-ээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд гишүүдийн оролцоо илт сайжирч, идэвх сэргэсэн. Гишүүдийн идэвхжлийг татвар төлөлтөөс харж болно. Тухайлбал гишүүдийн татвар 2015 онд 12.4 сая төгрөг байсан бол энэ оны байдлаар 16.3 сая болж нэмэгдлээ. Түүнчлэн МСНЭ гадаад харилцааг тэлэх үүднээс маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тухайлбал Дэлхийн редакторуудын уулзалт, ОХУ-ын Сэтгүүлчдийн байгууллагатай харилцаа холбоо тогтоож, өнгөрсөн тавдугаар сард Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Мөн БНХАУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллаж, жил бүр хоёр орны сэтгүүлчдийн форумыг зохион байгуулдаг уламжлал тогтсон. ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр тухайн онд хийх ажлаа харилцан тохиролцож, соёлын харилцаа, сэтгүүлч солилцооны томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид дэлхийн бусад орны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлнэ” хэмээн онцлов.
Мөн үеэр гишүүд саналаа хэлсэн бөгөөд Мэргэжлийн төвүүд одоо ажиллаж байгаагаасаа илүү сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой ажлуудыг санаачилж, ажил хэрэг болгохыг чухалчилсан юм. Түүнчлэн Хяналтын зөвлөлийн зүгээс Мэргэжлийн төвүүдэд Татварын бүрдүүлэлтэд салбар зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэх, Салбар зөвлөлийн хүрээг тэлэхэд хувь нэмрээ оруулах, үйл ажиллагаагаа жигд явуулах, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт хийх талаар зөвлөмж хүргүүллээ.
Хурлаар МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал гэсэн нэршлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн өөрчилж, бага хурлын гишүүдийн татварын хэмжээг тогтоолоо.
Дашрамд дурдахад Бага хурлын төлөөлөгчид МСНЭ хоёр жилийн хугацаанд үүргээ сайн биелүүлсэн гэсэн үнэлгээ өгсөн юм.
Б.Заяа