Кени улс Өмнөд Суданаас энхийг сахиулагчдаа татаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНАЙРОБИ. /Kyodo/. Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүнээс Кени улс цэргүүдээ татаж эхэлжээ.
Эхний ээлжийн 100 энхийг сахиулагч лхагва гарагт Кенийн нийслэл Найроби хотын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Өмнөд Суданд байрлаж буй НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар ажиллаж байсан Кенийн иргэнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн долоо хоногт халсантай холбоотойгоор Кени улс цэргүүдээ татах шийдвэр гаргасан юм.
Бан Ги Мүн хэлэхдээ “Өмнөд Суданы нийслэл Жуба хотод засгийн газрын цэргүүд болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчний хооронд болж буй байлдааны ажиллагаа энэ оны долдугаар сараас эхлэн дахин ширүүсч эхэлсэн. Байлдааны ажиллагааны үеэр НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчийн зүгээс энгийн номхон иргэдийг хамгаалах арга хэмжээ аваагүй” гэсэн юм.
Харин Кенийн Засгийн газар НҮБ-ын тэргүүний гаргасан шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд “Бан Ги Мүн бурууг зөвхөн нэг хүнд тохохыг оролдож байна. Манай улс Өмнөд Суданд энхийг сахиулж буй 1000 орчим цэргээ буцааж татна” гэсэн билээ.
Энхийг сахиулах ажиллагаа болон энхийн хэлэлцээнд идэвхтэй оролцдог Кени улс цэргээ татах болсон нь Өмнөд Суданд байдлыг тогтворжуулахын тулд хөрш улсуудын гаргаж буй хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд