Б.Нарантуяа:Мөрийн хөтөлбөрийн төсөлд иргэдийн санал нэлээд туссан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-10 23:05:16

Тун удахгүй Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлэн батлуулах гэж байна. Энэхүү том ажлын бэлтгэл ажил хийгдэж аймгийн удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ынхан тун завгүй ажиллацгааж байгаа юм.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Сэлэнгэ аймагт МАН үнэлэхүй ялалт байгуулснаар ирэх 4 жилд аймаг орон нутгийн удирдлагыг дангаараа үүрэх их хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн. Сэлэнгэ аймгийн түүхэнд энэ 4 жилд аймгийн Засаг дарга өөрийн асуудлын хүрээнд хоёр орлогчтой ажиллах болсоноороо онцлогтой байгаа. Ингээд энэ удаа аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяатай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга маань ирэх 4 жилд хоёр орлогчтойгоор үйл хэргээ гүйцэлдүүлэхээр ажилдаа ороод байна. Тэгэхээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд буй таны хариуцаж байгаа нийгмийн бодлогын чиглэлээр ямар ямар ажлууд төлөвлөгөөд байна вэ?

-Ирэх 4 жилд аймгийн Засаг дарга дөрвөн зүйлд онцгойлон анхаарлаа хандуулна гэдгээ хэлсэн байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймаг төдийгүй улс орны ирээдүй, өнгө төрх  болсон өсвөр үеийнхнээ спорт, урлаг зэрэг бүхий л төрлөөр бод­логоор дэмжиж ажил­лахаар болсон. Мөн мянган сайхан хөгжлийг эрүүл мэндгүйгээр хийж чадахгүй. Тиймээс хүнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн сал­барыг чухалчлан авч үзнэ гэсэн. Мэдээж оюун­­­лаг, чадамжтай ир­гэдийг бэлтгэхийн тулд боловсролын салбарыг онц­гойлон анхаарч ажил­лахаар боллоо. Түүнчлэн хамгийн үнэт капитал бол хүний оюун ухаан учраас боловс­ролын салбарыг тэргүүн эгнээд тавьж ажиллана. Бүх зүйл залгамж ха­­­лаатай байдаг учраас ахмадаа сонсох учиртай. Ахмадуудынхаа сургаалийг сонсч зөв зам мөрөөр явахын тулд тэд­нийхээ нийгмийн асуудлыг анхаарч дэмжиж ажил­лана. Эдгээр зорил­туудынхаа хүрээнд тоймтой ажлуудыг хийж эхэлсэн. Гурван сар гэдэг бага хугацаа мэт боловч хийе бүтээе гэсэн зорилго тэмүүлэл байх юм бол амжуулж болдог юм байна.

-Энэ удаагийн удирдлагын баг маань залуучуудын баг бүрдсэн гэж хэлж болохоор байгаа. Шинэ, залуу удирдлагын баг маань ажлаа хэрхэн юунаас эхлэв дээ?

-Аймгийн Засаг даргын удирдлагын баг маань шинэ зохион байгуулалтад ороод, ажлаа эхлээд явж байна. Сэлэнгэ аймаг хүн амынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг учраас Засаг дарга хоёр орлогч даргатай байя гэдэг үүднээс Нийгмийн асуудал эрхэл­сэн, Үйлдвэрлэл хөдөө аж ахуй хөгжлийн бодлого хариуцсан орлогчтой ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд цаг үеийн ажлууд боломжийн эхлэлтэй байна. Хур сайхан бууж тариаланчид хүссэн хэмжээнд санасан ургацаа авч чадлаа. Удахгүй ургацын баяраа хийнэ. Манайх улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор гуравт ордог аймаг.

-Шинэ удирдлагын баг маань ямар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ. Тухайлбал таны хариуцсан нийгмийн бодлогын чиглэлээр . . .?

-Улс орны эдийн засгийн нөхцөл бай­далтай уялдуулан ши­нээр томоохон бүтээн бай­гуулалт хийнэ гэхээс илүүтэйгээр байгаа бүхнээ өнгөлөн тордож, үйл ажиллагааг нь улам чамбайруулж чанаржуулах бодлого барьж байна. Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч даргын хувьд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил, соёл урлаг, спорт, шүүх, цагдаагийн бай­гуул­лагуудаа хариуцдаг. Ерөнхийдөө нийг­мийн сал­барт хийх ажлаа бай­гуул­лагууд, тухайн шатны нэг­жүүдтэй харилцаж са­нал бодлыг сон­сч ажлаа эх­­лүүллээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжих үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг энэ сарын 16-ны ИТХ-аар батлуулах гэж байна.

Мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа намууд сонгуулийн үеэр иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан учраас иргэдийн санал нэлээд туссан гэж ойлгож болно. Үүн дээр үндэслээд ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь бүрддэг. Гэхдээ зөвхөн намын мөрийн хөтөлбөрөөр явах нь өрөөсгөл гэж үзээд аймгийнхаа 17 сум, зургаан тосгоны нэгжийг тойрч иргэдийн амьд­ралтай газар дээр нь очиж танилцаж санал бодлыг нь сонсох аян зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын хоёр орлогч, ИТХ-ын дарга нар дөрвөн баг ахалж сум, тосгодоо тойрлоо. Түүнчлэн иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэг­жүүдийн саналыг хэр­хэн уялдуулах тал дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын баг, салбар тус бүрийг хариуцсан мэргэ­жилтнүүд ажиллаж байна. Бид мөрийн хөтөлбөрийг боловсруулахад шинэлэг санаа оруулж  ирэхийг ихэд зорьсон. Газар, хэлтэс, агентлагуудын санал дээр автоматаар бод­логын чанартай ажлуудаа тусгадаг байсан бол шат дараатайгаар эх­лээд хэлтэс, газрын дарга нар хяналт тавьж ажиллаад дараа нь орчин үетэй хөл нийлүүлэх утгаараа Тамгын газрын бодлогын түвшинд бүх мэргэжилтнүүдээ дахиж гурван баг болгож ажиллуулсан. Түүнчлэн зөвлөхүүдийн баг гэж бий. Ингэж мөрийн хөтөл­бөрөө маш сайн чамбай боловсруулснаар ирэх дөрвөн жилд хийх ажил тодорхой болно гэж үзэж байгаа.

 -Сэлэнгэ нутгаас төрсөн Монгол Улсын Ерөнхий сайд маань саяхан 100 хоногийнхоо ажлыг хэвлэл мэдээллийнхэндээ тайлагнаад амжсан. Сэлэнгэ аймгийн маань удирдлагын баг өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Аймгийн маань ажил өнгөтэй өөдтэй байна. Сэлэнгэчүүдийн дунд ажиллаж амьдарч байсан хүн  Монгол Улсын Ерөнхий сайд болсонд нутгийнхан бахархаж байгаа. Мөн зам тээвэр, дэд бүтэц сайтай төвийн бүсэд багтдаг учраас өнгөрсөн гурван сарын хугацаанд таван орны зочид төлөөлөгчид, элчин сайдын яамдын консулууд ирж аймгийн удирдлагуудтай уулзаж хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтарч ажиллах олон арга хэмжээний дотор эрүүл мэндийн салбарыг дэмжих тодорхой ажлууд орсон байгаа. Энэ хугацаанд бид 17 жил тасалдаад байсан “Дөл” тоглолтыг өнгөрсөн жилээс эхлээд сэргээсэн. Үүнийг аймгийн Засаг дарга бодлогоор дэмжлээ. Энэ үйл ажиллагаагаараа өсвөр насны хүүхдүүдэд эх оронч ажлыг төлөв­шүү­лэхийн зэрэгцээ багаар ажиллах чадварыг маш сайн суулгаж өгдөг юм. Багийн нэг гишүүн сул дорой хам­таараа ажиллаж чадахгүй бол ямар гарз хохирол учирдгийг “Дөл” тоглолт харуулдаг. Тиймээс энэхүү тоглолтыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ