Цэцэрлэг хотын эрчим хүчний агаарын бүх шугамыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-09 17:33:53

Архангай аймгийн Цэцэрлэг хотын зүүн урагш их замын дагуу дэд бүтэц шийдэгдээгүй газруудад Дэлхийн банкны эрчим хүчний төсөл 2017-2019 онд  хэрэгжинэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ төслийг Дэлхийн банкнаас 2,357 сая ам доллар буюу өнөөгийн ханшаар 4 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.

Төслийн хүрээнд Цэцэрлэг хотод 90 км буюу бүх эрчим хүчний агаарын шугамын шинэчлэл хийгдэх ба есөн метрийн өндөртэй дөрвөн дэд станц барих аж.

Түүнчлэн 5200 гаруй өрхөд “СМАРТ” /SMART/ буюу ухаалаг тоолууруудыг байршуулна. Ингэснээр иргэд ямар нэгэн цахилгааны алдагдалд орохгүйгээс гадна хүчдэл муу, байцаагч буруу бичлээ гэж маргахгүйгээр өөрсдийнхөө хэрэглээг бүрэн хянаж чадах юм гэж аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Гэрэлт-Од мэдээллээ.

Энэхүү эрчим хүчний төслийн хоёрдугаар шатны төсөл хэрэгжсэнээр Эрдэнэбулган сумын цахилгаан хэрэглэгчид чанартай, найдвартай, хямд эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэнэ гэж төслийн багийнхан үзэж байна. Үүнтэй холбогдуулан эрчим хүчний төслийн хоёрдугаар шатны төсөл хэрэгжүүлэх багийнхан аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаад Цэцэрлэг хотын инженерийн шугам сүлжээний сүүлийн үеийн зураг, аймгийн дунд болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлттэй танилцах хүсэлтээ гаргалаа.

Л.Булган

 

Холбоотой мэдээ