Нийслэлд 100 мянга гаруй нүхэн жорлон ашигладаг гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо.
Монгол оронд хөрсний бохирдлын эх үүсвэр нь уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, автомашин, агаарын бохирдлууд багтдаг. Харин хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой хөрсний бохирдол өндөр хувьтай байдаг аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололд 218 мянган өрх амьдарч байгаагаас 100 мянга гаруй нүхэн жорлон ашигладаг байна. Дээрх тооны нүхэн жорлонд нэг хоногт нэг хүн 16.2 литр шингэн, 200 гр өтгөн, нийт өрхөөр нь авч үзвэл 945 мянган.литр, 157.5 кг өтгөн хуримтлагддаг гэсэн тооцоо гарчээ.
Нүхэн жорлонг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд нийслэлээс гэр хорооллын 15-20 мянган айл өрхийн жорлон, бохирын цооног, орчны бохирдолтой 100-120 мянган м.кв нийтийн эзэмшлийн талбайг ариутган халдваргүйжүүлэх, ундны усны эх үүсвэрийн бүсэд амьдардаг 100 өрхөд эко жорлон барьж өгөх, бага оврын хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барих, зуслангийн ногоон бүс дэх модон жорлонг буулгах, хөрсний бохирдлын шинжилгээг жил бүр хийх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж сурталчилгааг явуулах зэрэг ажлыг хийж байгаа гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав.
Ариун цэврийн сайжруулсан байгууламжгүйгээс хөрс ус бохирдож байгаа асуудал зөвхөн нийслэлд байгаа юм биш, хөдөө орон нутагт мөн ялгаагүй анхаарал татсан асуудал хэвээр байгааг Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах төсөл”-өөс гаргасан судалгаа илтгэж байв. Улсын хэмжээнд 768 төрийн болон хувийн өмчийн ЕБС байгаагаас 390 орчим нь сум, багт байдаг. Эдгээр сургуульд 166 мянган хүүхэд сурч байгаагаас 90 хувь нь модон жорлон ашиглаж байна. Хөдөөгийн сургуулиудад ашиглаж буй модон жорлон нь гэрэлгүй харанхуй, агааржуулалтгүй, сургуулиасаа хол, ариун цэврийн шаардлага хангахгүй зэрэг сөрөг үр дагавартайн дээр нас хүйсээр нь ялгаварласан өрөө тасалгаагүйгээс хүүхдүүд айж ичих, хүчирхийлэлд өртөх, халдварт өвчнөөр өвддөг байна. Иймээс төслийн хүрээнд зарим сумын сургуулийг орчин үеийн стандарт хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбосон, халуун хүйтэн устай, цэвэршүүлэх септик технологи бүхий ариун цэврийн байгууламж барьж байгаа гэдгийг төслийнхөн танилцууллаа.
БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, БОАЖЯ болон бусад оролцогчдын тавьсан илтгэлээс харахад өнөөдөр манай улсад нүхэн жорлонгийн асуудал дээр хувьсгал хийх цаг нь болсон гэдэг нь харагдаж байлаа. ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж гэхэд "Жорлон гэхээр хүнээс хол байх ёстой юм биш. Харин ч ойртуулж, гадна байдаг бус байр сууцанд нь оруулах хэрэгтэй" гэлээ. Түүний хувьд, одоогийн хэлцэгдэж буй тоо баримтыг нэгтгэж, бодит үнэлгээг хийх, монгол орны нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн төгс шийдлийг олох, төрөөс гадна иргэд энэ ажилд санаачилгатай оролцдог байх, өтгөн шингэнээр нь ялгаж бордоо болгодог технологи нэвтрүүлэх зэрэг санаачилгыг дэвшүүлж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл, ялгадас гэж бус баялаг гэдэг утгаар нь харах хэрэгтэй гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал