Курдын хүчин Башика хотод нэвтэрлээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-08 10:00:34

БАГДАД. /ВВС/. Иракийн Курдын хүчин “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Мосул хот руу давшсаар байна.

Хэдэн зуун "пешмерга" дайчид их буу болон АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Башика хот руу өчигдөр өглөө гурван талаас нь дайрчээ. Үдээс хойш гэхэд тэд хотод нэвтэрч, байшингаас байшингийн хооронд яван "Лалын улс"-ын террористуудаас хотыг цэвэрлэсэн байна.

Энэ үеэр толгойг нь тасдан хаясан 100 орчим тооны цогцсыг Мосул хотын өмнөд дүүрэгт байсныг илрүүлсэн гэж Иракийн арми мэдэгдэв. Цогцсуудыг Хамам аль-Алил хотын захад байрлах хөдөө аж ахуйн коллежийн хашаанаас олсон байна.

Энэхүү аймшигт гэмт хэргийг шалгахын тулд мэргэшсэн шинжээчдийн багийг илгээнэ гэж Иракийн армийн мэдэгдэлд дурджээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид өнгөрсөн хугацаанд маш олон хүний амийг хөнөөж, тэдний зураг, дүрс бичлэгийг цахим хуудсанд нийтэлсэн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ