Жакартад болсон эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-05 11:09:47

ЖАКАРТА. /KAZINFORM/. Жакарта хотын дарга /христийн шашинт/  лалын шашинтнууд болон коран судрыг гутаан доромжилсон гэж хатуу чиг шугам баримтлагч лалын шашинт индонезчууд үзэн нийслэл хотдоо томоохон эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Нийслэл Жакарта хот дахь засгийн газрын ордны өмнө болон өөр хэд хэдэн газарт өчигдөр болсон жагсаалын үеэр цагдаа нар болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон байна. Жагсаалд  50 мянга орчим хүн оролцсон гэж цагдаа нар хэлэв.

Лалын шашны коран судрыг доромжилсон Жакарта хотын захирагч Басуки Тжахажа Пурнама-г шоронд хорихыг жагсагчид шаардаж байжээ.

Ирэх оны хоёрдугаар сард болох сонгуулиар өөрийг нь дахин сонгохыг Басуки ард иргэдэд уриалан үг хэлэхдээ “миний өрсөлдөгчид коран судрын сургаал номлолыг ашиглан сонгогчдын толгойг эргүүлж байна. Тэднийг дэмжихгүй байхыг би та бүхэнд уриалж байна” гэж хэлжээ.

Баасан гарагийн жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн зарим нь танхайран цагдаагийн тээврийн хэрэгслүүдэд гал тавьснаар цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна.

Жагсаалын үеэр гурван цагдаа бэртэж гэмтжээ.

Дахин жагсаал болж болзошгүй байгаа учир Индонезийн цэрэг, цагдаагийнхан бэлэн байдалд шилжээд байгаа ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ