Кени улс Өмнөд Суданаас энхийг сахиулагчдаа буцаан татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-04 15:10:52

НАЙРОБИ. /Kyodo/. Өмнөд Суданд байрлаж буй НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнээс өөрийн улсын цэргүүдээ татахаар шийдвэрлэснээ Кенийн эрх баригчид мэдэгдлээ.

Энэ оны долдугаар сараас Өмнөд Суданы нийслэл Жуба хотод засгийн газрын цэргүүд болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчний хооронд болж буй байлдааны ажиллагаа дахин ширүүсч эхэлсэн юм.

Тус улс дахь дүрвэгчдийн хуарангууд болон НҮБ-ын байгууламжуудад халдан энгийн номхон иргэдийг хөнөөсөн хэрэг нэг бус удаа гарчээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Судан дахь энхийг сахиулах хүчний командлагчийг НҮБ-ын Ерөнхий нарийн дарга Бан Ги Мүн саяхан огцруулсан юм.

Харин Кенийн Засгийн газар НҮБ-ын тэргүүний шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгдээд “Бан Ги Мүн бурууг нэг хүнд тохохыг оролдож байна. Манай улс Өмнөд Суданд энхийг сахиулж буй 1000 орчим цэргээ буцааж татна” гэжээ.

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд 13 мянган орчим цэрэг, тэдний дотор Японы Өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчид оролцож байгаа юм.

Энхийг сахиулах ажиллагаа болон энхийн хэлэлцээнд идэвхтэй оролцдог Кени улс цэргээ татах болсон нь НҮБ-ын Өмнөд Суданд явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ