АНУ-д сонгуулийн кампанит ажил эрчимтэй өрнөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-04 10:08:52

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед сонгуулийн кампанит ажил улам эрчимжиж байна.

АНУ даяар явуулсан санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 47 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 45.3 хувийн санал авлаа. Өрсөлдөгчдийн авсан саналын зөрүү 1.7 хувьтай байна.

Д.Трамп өчигдөр Флорида муж улсад явуулсан кампанит ажлынхаа хүрээнд Х.Клинтоны цахим шуудантай холбоотой мэдэгдэл хийхдээ "энэ эмэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй" гэсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Клинтоныг дэмжих зорилгоор Флорида муж улсын иргэдэд хандан үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, Д.Трамп бол Ерөнхийлөгч болох шаардлагыг хангаж чадахгүй бөгөөд Ерөнхий командлагч болоход тохирохгүй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүн гэж дүгнэлээ.

Нэр дэвшигчдийн хооронд хүчтэй өрсөлдөөн болж магадгүй муж улсуудад Б.Обама зочлохдоо Хиллари Клинтоныг дэмжихийг уриалж байна. Тэрбээр ирэх даваа гарагт Пенсильвани муж улсад болох кампанит ажилд оролцох ажээ.

Санал асуулгын дүнг харвал, 10 муж улсад тун тэнцүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ