Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр байршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар товын дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, “Энэхүү төсвийн төсөл батлагдвал хэр хугацаанд хүчинтэй вэ. ОУВС-гийн хэлэлцээрийн явцыг сонссон уу. БНХАУ-аас авах зээл төсөвт хэрхэн нөлөөлөх вэ. Хүүхдийн мөнгөтэй холбоотой ямар зохицуулалт тусав. Хүүхдийн мөнгийг хасч болохгүй. Хасах бол өөр төсөв дээр таналт хийгээч" гэсэн асуудлыг тодруулсан.
Ингэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "ОУВС-гийн баг Монголд ажиллаж байна. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийг хэрхэн сайжруулах вэ гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Энэ нь ОУВС-гийн тавьж буй зорилттой давхцаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт ОУВС-тай гэрээ байгуулсны дараа төсвөө батална гэвэл төсөв маань 11 дүгээр сарын 15 гэхэд батлах хугацаатай, хоёрдугаарт цаг алдана. Цаг алдах шаардлагагүй. Дараагийн асуудал бол хүүхдийн мөнгө. 60 хувьд нь бэлнээр олгож, 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр байршуулна. Ер нь бол 100 хувь олгоно. Улс орны боломж байвал хүүхдүүдийг ялгах шаардлагагүй. Хөрөнгө оруулалтыг хасья гэж байна. Аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтаас хасвал ААН-ын санхүү хүндэрнэ, цаашлаад банкны салбарууд хүндэрнэ. Тиймээс таналт дээр эдийн засгийн агуулгаа анхаарч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдсэн" гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын "Стэндбайд хамрагдвал төсвийн тодотгол хийнэ гээд байгаа. Төсөвлөснөө эргээд хасчих юм биш биз" гэсэн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "ОУВС-гийн хөтөлбөрийг бид эрт авах байсан. Өмнө нь энэ талаар санал гаргаж байсан ч хүлээж аваагүй. Хоёр жилийн дараа илүү үнэ цэнээр энэ хөтөлбөрийг хүлээж авах болчихоод байна. Бид ОУВС-гийн хөтөлбөрийг авах ёстой. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг ОУВС-гийн хөтөлбөрийг авахад чиглэгдсэн гэхэд болно" гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул