СЭЛЭНГЭ: Дэлхийн хамгийн анхны номыг нийтийн тооллын өмнөх 3350 онд бичжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр улс орон даяар эх хэлээ эрхэмлэн дээдлэх, ном
соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилго дор "Үндэсний бичиг соёл,
номын өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдрүүдэд тохиож байгаа "Үндэсний
бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийг тохиолдуулан номын үүсэл гарлын талаар
сонирхолтой мэдээллийг хүргэе.
Дэлхийн хамгийн анхны номыг нийтийн
тооллын өмнөх 3350 онд бичжээ. Анхны энэ номыг Францын Фив хотын бунхнаас
олсон байна. Зэгсэн дээр бичигдсэн энэ хуйлмал бичиг (папирис) эдүгээ Парисын
Үндэсний номын санд хадгалагдаж байна.
Зарим ийм хуйлмал номын хуудас 45
метр ч хүрдэг гэнэ. Ийм урт хуудастай Гаррисын зэгсэн дээр бичсэн хуйлмал ном
Британийн музейд хадгалагдаж байна.
НТӨ II зууны үеэс Пергам (Бага
Азийн) хотод номын хуудсыг малын арьсаар хийдэг болсон бөгөөд ийм арьсыг
'пергамент' гэж нэрлэдэг байна.
Пергаментийг бэлтгэхдээ тугал буюу
хонины арьсыг шохойн уусмалд дэвтээгээд тусгай жаазанд тэлж хадаад уушгин
чулуугаар индүүдэж хатаагаад зэсийн уусмал түрхэж боловсруулдаг байна. Нэг
зузаан ном бүтээхэд маш олон тугал болон хонины арьс хэрэгтэй болдог байжээ.
Мөн эртний Ассирт шавраар ном хийдэг
байжээ. Номын хуудасны хэмжээ 33х32 сантиметр, хуудасны зузаан нь 2.5 сантиметр
байсан байна. Энэ нь одоогийн хавтгай тоосготой төсөөтэй бөгөөд ийм шавар
хуудастай ном олныг хийж байсан байна.
Вашингтоны нэг номын сангаас илгэн
дээр англи хэлээр бичсэн эртний гар бичмэл олдсоныг манай тооллын 650-аад оных
гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ бол англи хэлээр бичигдсэн хамгийн эртний гар
бичмэл юм.
Хулс, зэгс, арьс, шавар, мод, чулуун
дээр бичихээс гадна бас XVII-XVIII зууны үед Вьетнамд хүрэл хуудсан дээр ном
бичиж байсан ховор баримт олдсон байдаг. Тэр номд тухайн үеийн үйл явдлыг бичсэн
байна.
Одоогийн бидний хэрэглэж байгаатай
төстэй номыг анх манай тооллын I зууны үед хийсэн гэдэг. Түүний хуудас нь мод
байсан байна. Жижигхэн дөрвөлжин модон хуудсан дээр хайлмал лав асгаж, жигд
тарааж түрхээд, царцсаных нь дараа хурц үзүүртэй металл савхаар бичиж,
хуудсуудыг нь утсаар давхарлан үддэг байжээ.