Өвөр гүнтийн 4.5 км авто замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-16 12:37:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.


Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн замыг 2015 онд ашиглалтад оруулснаас хойш зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлтийн дагуу засварыг ажлыг эхлүүлжээ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.


Харин Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр хэлэхдээ, "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" хэмээв. 


Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ