СЭЛЭНГЭ: "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг орон нутагтаа тогтвор
суурьшилтай ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх "Нутгийн
оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Үүний нэг илрэл нь Сэлэнгэ аймгийн Засаг
дарга Н.Лхагвадорж энэ оны 4 дүгээр сард БНСУ-ын Бусан хотын Кёнг Нам Чонбу их
сургуульд зочлох үеэрээ тус сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Тодруулбал, аймгийнхаа ЕБС-ийн 12-р
анги төгсөж буй хүүхдүүдийг тус их сургуульд 50-100 хувийн тэтгэлэгттэй суралцуулахаар
харилцан тохиролцсон байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-ний
өдрөөс эхлэх гэж байна.
Сэлэнгэ аймаг, БНСУ хоорондын
найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын топ 5 сургуулийн нэг болох Бусан
хотын Кёнг Нам Чонбу их сургуульд тус аймгийн хүүхдүүд суралцах юм.
Энэ жил аймгийн хэмжээнд
1202 сурагч ахлах ангиа төгсөж байгаа. Сэлэнгэ аймагт нарийн мэргэжлийн
боловсон хүчин дутагдалтай байгаа энэ үед дээрх хамтын ажиллагааны гэрээ асар
үр дүнтэй ажил болж байгаа юм.
Эхэндээ хүүхдүүд тус сургуульд 50
хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд цаашид өөрсдийн хичээл зүтгэлээрээ
төлбөрөө 100 хувь хөнгөлүүлэх бүрэн боломжтой болох юм.
39 мэргэжлээр боловсон хүчин
бэлтгэдэг Кёнг Нам Чонбу сургуулийн зүгээс тус аймгаас суралцах хүсэлтэй
хүүхдүүдийг тусгай хөтөлбөр боловсруулан сургаж дэмжихээ илэрхийлсэн байна.
Суралцагсад 7 хоногийн 2 өдөр
хичээллэж, бусад өдөр нь ажил эрхлэх тусгай визтэй болох
боломжтойгоороо давуу юм.
Мөн цаашид хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, төрийн албан хаагчдыг БНСУ-д чадавхжуулах сургалтад мөн хамруулахаар тохирсон байна.