П.Отгонцэцэг: 18356 нярайд сэхээн амьдруулах эмчилгээ, асаргаа сувилгааг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-15 19:13:08

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн сувилагчаар ажлын гараагаа 1987 онд эхэлж, эдүгээ 38 дахь жилдээ энэ л нутагтаа, энэ л эмнэлэгтээ ажиллаж яваа нэгэн сувилагч бүсгүйг онцоллоо.

 

П.Отгонцэцэг 1987 онд Дархан  хотын Анагаах ухааны дунд  сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд тухайн ондоо нярайн сувилагчийн мэргэжил эзэмших курс, 2004 онд нярайн сувилагчийн мэргэжил дээшлүүлэх курс тус тус төгсөн нярайн сувилагч болжээ.

 

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт сувилагчаар 23 жил ажиллахдаа нярайн сувилагч гэсэн онцлог мэргэжлээр тасралтгүй ажилласан байна.

 

-Таны ажлын онцлог тэр дундаа дөнгөж төрсөн улаан нялзрай гэж ярьдаг. Ийм хүүхэдтэй хархэн харьцаж, ажиллаж байв?

-Тийм ээ, шинэ иргэнээ хүлээж авах хамгийн гоё байдаг. Нярайн сувилагч тодорхой үүрэгтэй ажилладаг. Тухайлбал шинэ төрсөн нярайг жигнэж өндөр, хэвлий, цээжний тойргийг хэмжиж авдаг. Тэгээд эхэд нь ангир уургыг нь амлуулна. Хөхөж ч мэдэхгүй нялх амьтан чинь хөхөө олохгүй шүү дээ. Иймээс нярайг зөв амлуулж, хөхүүлж сургадаг. Ангир уургаа амалсан хүүхэд өөрөө рефлексээрээ хөхөөд ирэх нь их хөөрхөн.


-Шинэ нярай төрмөгцөө орчинтойгоо дасан зохицох гээд юм юм л болдог болов уу. Өөр ямар үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Шинэ төрсөн нярайд 24 цагийн дотор БЦЖ, В гепатит, саагийн вакцин хийдэг. Мөн нярайн сэхээн амьдруулалт хийнэ. Ингэхдээ амьсгалын аппарат, инкубатор, сипап, хүчилтөрөгч өтгөрүүлэгч отсос, автомат  шахуурга, интубац зэрэг тоног төхөөрөмжийг ашигладаг. Зарим тохиолдолд дутуу нярайн сэхээн амьдруулал болон бусад эмчилгээг хийдэг.

Мөн нярайг усанд оруулах, хамар цэвэрлэх, нүд, амыг нь цэвэрлэх, асаргаа сувилгааг тогтмол хийж байх ёстой. Нярай хүүхдийг ходоодны зондоор хооллодог. Түүнчлэн нярайг өлгийдөх ажлыг бас хийдэг дээ.

 

-Өөрийн ажлын нөхцөлөөсөө шалтгаалаад мөн туршлагаасаа гэх юм уу санаачлан хийж хэрэгжүүлсэн ямар шинэлэг ажил байдаг вэ? Хэрхэн үр дүн авч ирэв?

-Би 23 жил нярайн сувилагчаар ажилласан. Энэ хугацаанд мэдсэн, сурсан, цаашид хийх олон зүйлийг мэдэж авсан. Тухайлбал эрүүл болон эмгэг нярайн тусламжийн менежментийг хэрэгжүүлж, нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ болон асаргаа сувилгааг хийж, шинээр нэвтэрсэн орчин үеийн эмчилгээ сувилгааны дэвшилтэт технологийг ажилдаа нэвтрүүлсэн.

 

Орчин үеийн эмчилгээ сувилгааг стандартын дагуу хэрхэн яаж хийхийг шинэ, залуу сувилагч нартаа үлгэрлэн зааж сургаж байлаа.

 

Ингэж ажиллаж байхдаа орчин үеийн эмчилгээ сувилгааны сургалтаар олж авсан мэдлэгээ ажилдаа нэвтрүүлэн үр дүнтэй ажиллаж, эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байна.

 

Миний хувьд 18356 нярайд сэхээн амьдруулах эмчилгээ, асаргаа сувилгааг хийсэн.  

 

-Сувилагч нар ажилласан байдлаасаа шалтгаалаад зэрэг дэв авдаг бололтой. Таны тухайд ямар зэрэгтэй вэ?

-Ажиллах хугацаандаа 2005 онд сувилагч мэргэжлээр сувилахуйн “Ахлах” зэрэг, 2015 онд сувилахуйн “Тэргүүлэх“ зэрэг, 2024 онд Зөвлөх зэрэг хамгаалсан. Энэ зэрэг бол эрдмийн зэрэг л гэсэн үг. Тодорхой мэдлэг, ухаан, ур чадвар, ажлын туршлага шаарддаг.

 

-Таныг мэргэжлийнхээ хүрээнд илтгэл тавьж, эрдэм шинжилгээний ажилд оролцдог гэж сонссон. Энэ талаараа?

-Би шинжлэх ухааны үндэслэлтэй, асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны 8 ажил бичсэн. Мөн онол практикийн бага хуралд илтгэл тавьж, дэд байрт 2 удаа, тусгай байрт мөн 2 удаа шалгарч байсан.

 

-Өнөөдөр та гавьяандаа гарсан ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Захиргаа аж ахуйн тасгийн сувилахуйн арга зүйчээр ажиллаж байгаа гэсэн. Өөрийн тань мэргэшүүлэхэд нөлөөлсөн сувилагч нарынхаа амжилтаас дурдахгүй юу?

-Залуучуудад эмнэлгийн ажилтны хүнд хүчир хөдөлмөрөөс халшрахгүй, мэргэжилдээ үнэнч, тууштай, чин сэтгэлтэй байхыг ямагт зөвлөж ирсэн. Энэ ч үүднээс залуус маань ажиллах урам зоригтой болж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг ихэд эрмэлздэг болсон.

 

Сувилагч, бага эмч мэргэжлээр 8 тэргүүлэх зэрэг, 14 ахлах зэргийг амжилттай хамгаалахад сургагч багшаар ажилласан байгаа.

 

-Хэвтэн эмчлүүлэгч болоод сувилгааны ажлын чанарт нөлөөлсөн ямар ажил байгаа вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч нарт сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай, жигд хүртээмжтэй үзүүлэхэд анхааран тасаг болгонд сувилгааны баг ажиллуулдаг болсон. Энэ маань сувилагч нарыг мэргэшүүлэн, сувилгааны чанарыг сайжруулахад чухал үр дүнтэй ажил болсон байгаа.

 

Түүнчлэн Сүхбаатар суманд амьдарч байгаа ахмад настан, хүнд болон хэвтрийн өвчтөнүүдийн судалгааг гаргаж, гэрийн сувилгаа хийх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил үйлчлүүлэгч нарын талархлыг хүлээж, хүнд хүрсэн үйл ажиллагаа болсонд баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ