Истанбулд болох хэлэлцээнд В.Путин оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-15 09:54:03

МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 15 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах тухай хэлэлцээнд оролцохоор Истанбулд очихгүй. Түүний нэр уг хэлэлцээнд оролцох Оросын төлөөлөгчдийн жагсаалтад байхгүй байна. Жагсаалтыг В.Путин өөрөө баталсан бөгөөд лхагва гаргийн орой Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ.


Турк улсад болох хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн оролцохгүй гэж Америкийн “Sky News” телевиз мөн өдрийн орой мэдээлжээ. Үүнтэй ижил мэдээллийг мөн “Reuters” агентлаг Д.Трампын засаг захиргаан дахь эх сурвалжаас эш татан нийтэлсэн байна.


Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн

Истанбулд хийх хэлэлцээнд оролцох Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлах ажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэг ч сайд байхгүй бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нарын нэр ч байхгүй байна. Тэдний оронд Кремль Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков нарыг илгээжээ. 


Кремлийн хэвлэлийн мэдээнд мөн “Украинтай хийх хэлэлцээний шинжээчдийн” нэрсийг дурдсан байна. Тэдний дунд Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Мэдээллийн газрын даргын нэгдүгээр орлогч Александр Зорин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүмүүнлэгийн салбар дахь хүмүүнлэгийн бодлогын газрын орлогч дарга Елена Подобреевская, ОХУ-ын Гадаад хэргийн яамны ТУХН-ийн орнуудын хэрэг эрхлэх хоёрдугаар газрын захирал Алексей Полищук, мөн Батлан хамгаалах яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын орлогч дарга Виктор Шевцов нар багтжээ.


Reuters: В.Зеленский Туркийг зорьжээ

“Истанбулд болох хэлэлцээнд АНУ-ыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Трампын тусгай элч Стивен Уиткофф, Кит Келлогг нар төлөөлөх төлөвтэй байна" гэж "Agency" цахим хэвлэлд бичжээ. Булангийн бүс нутагт хийж буй Д.Трампын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан М.Рубио Анталияд хэдийн очсон тухай CNN мэдээлсэн байна.


Украины Ерөнхийлөгч В.Зеленский В.Путинийг биечлэн ирж, түүнтэй хэлэлцээ хийхийг уриалжээ. "Бид энэ уулзалтыг Путиний оролцоотойгоор зохион байгуулахын тулд бүхнийг хийх болно. Гал зогсоох шийдвэрийг зөвхөн тэр л гаргаж чадна" гэж Украины удирдагч мэдэгдсэн байна.


В.Зеленский Анкара руу "очиж байгаа" гэж “Reuters” агентлаг нэрээ нууцалсан Украины нэгэн албан тушаалтныг эш татан пүрэв гарагт шилжих шөнө мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ