Японы сэтгүүлч Идэ Хирохико Монгол-Японы төвд лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцсон япон цэргүүдийн түүхийн тухай "Амьдрахын төлөө тусламж гуйсан өргөдөл" ном бичсэн, сэтгүүлч Идэ Хирохико Улаанбаатар хот дахь Монгол-Японы төвд лекц уншина.
Тус лекцийг Монгол дахь япончуудын нийгэмлэг 6 дугаар сарын 10-нд үнэ төлбөргүй зохион байгуулах ажээ. Түүнчлэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг “Сакүра” япон цэргүүдийн дурсгалын гэр музейд 5 дугаар сарын 18-ны 11:00-12:30 цагт "Тавдугаар сарын цугларалт" өдөрлөг болно.
“Сакүра” гэр музейг 2022 онд С.Өлзийтогтох хэмээх монгол залуугийн санаачилгаар Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан нээсэн юм.
Түүхийн баримтаас харахад, 1945 оны чөлөөлөх дайны дараахан Монголд ажиллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу олзлогдсон 12300 гаруй япон цэрэг Монголд иржээ. Тэднийг аж үйлдвэрийн комбинат, шохойн үйлдвэр, Сүхбаатар шүдэнзний үйлдвэр болон бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. 1947 оны 10 дугаар сард 10705 япон олзлогдогсдыг нутаг буцаасан байдаг аж.